Шүүхээс Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэж үзэж, зорчих эрхийг нь 2 сараар хязгаарлалаа

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм бурууг шүүх хуралдаан өчигдөр /2024.05.01/ Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ гаргалаа.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Чинбатад холбогдуулан “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүкийн “chinbat lhagva” нэртэй цахим хуудастаа 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр нийтэлж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Энэ дагуу Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Тодруулбал, түүнд хоёр сарын хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарах, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

Эргэн санабал, "Гацуурт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбат 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Цагааннуур сумын малчдыг машинтай хөөж, дайрахаар завдсан гэх бичлэг сошиал орчинд түгсэн.

Л.Чинбат Дорнод аймгаас 200 орчим тооны, гарал үүслийн гэрчилгээгүй адууг тууж, Цагааннуур суманд оруулахыг оролдсон байдаг. Харин малчид малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс, гарал үүслийн гэрчилгээ шаардан, байхгүй байсанд сумын ЗДТГ-ын ажилтнуудын хамт адууг саатуулж байхад дээрх үйл явдал болсон.

Бичлэгт өгүүлж буйгаар, Л.Чинбат нь хоёр ч малчныг дайрсан.

Харин Л.Чинбатын гэмт хэргийн шинжтэй эл үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар түүнийг яллагдагчаар татсан ч гэмт хэргийн шинжтэй эл үйлдэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцсон. Харин түүнийг худал мэдээлэл тараасан гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлээд байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ