Шүүгч Г.Батзаяа :М.Бадарч допинг хэрэглэсэн нь тогтоогдсон
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд улсын арслан М.Бадарчийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх шүүх хуралдаан өчигдөр болж, шийдвэрээ танилцууллаа.
Шүүхийн шийдвэрийн талаар хуралдаан даргалагч шүүгч Г.Батзаяа "Допингийн давж заалдах комисс нь дүрмийн зөрчил мөн эсэхийг тогтооно. Хэрэв зөрчсөн байвал шийтгэлийг эцэслэн оногдуулах эрхийг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас шилжүүлж авсан. Энэ хүрээнд маргааныг хянасан.
Нэгдүгээрт Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2.1.2-т тамирчны Б сорьцод шинэчлэгдэж буй Б сорьцын үр дүн нь А сорьцод шинэчлэгдсэн бодис түүний маркер, метаболитад илэрсэн болохыг дахин баталсан гэж заасан. Өөрөөр хэлбэл шинжилгээний хариу хүчин төгөлдөр байна.
Иймээс өргөдөл гаргагчийн дурдаж буй олон улсын стандартын зөрчлүүд нь шинжилгээний үр дүнд нөлөөлөхүйц биш гэж үзлээ.
Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2.4.1.1.биедээ ямар ч хориглосон бодис оруулахгүй байхад анхаарах нь тамирчны өөрийн үүрэг мөн. Тамирчин өөрийн сорьцоос илэрсэн аливаа хориглосон бодис, түүний маркер, метаболитад хариуцлага хүлээнэ гэж заасан.
Мөн 21.1.3 хэрэглэсэн зүйлийнхээ төлөө хариуцлагыг дангаараа хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч М.Бадарч нь хориглосон бодис зөвшөөрөгдсөн замаар биед орсныг баталж чадаагүй. Иймд Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2.1-т зааснаар допингийн зөрчил мөн болохыг тогтоож байна.
Гэсэн хэдий ч Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18.2-т Бөх, сурын харваач, холбогдох үндэсний спортын холбоо Дэлхийн допингийн эсрэг дүрэм, эсхүл Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил дагаж мөрдөнө.
Допингийн эсрэг үндэсний дүрмийн 8.2-т зөвхөн Үндэсний их баяр наадмын хувьд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан эрх бүхий этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийдвэр гаргана гэж зааснаар үр дүнгийн хэрэгжүүлэгч нь Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо мөн байна.
Нэгэнт Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо нь үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэгчийн хувьд сөрөг аналитик илэрц илэрсэн М.Бадарчид үр дүнгийн удирдлагын олон улсын стандартын 5.1-т заасан мэдэгдлийг хэрэгжүүлсэн гэх боловч А сорьцын шинжилгээний хариу ирсний дараа 2023 оны наймдугаар сарын 21-нд М.Бадарчид хүргүүлсэн мэдэгдэл нь үр дүнгийн удирдлагын олон улсын стандартын 5.1.2-ын З, Ж заалтыг хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл тамирчинд допинг хэрэглэсэн зүйлтэйгээ холбоотойгоор хүлээн зөвшөөрөх, хамтран ажиллахыг санал болгоогүй.
Хоёрдугаарт үр дүнгийн удирдлагын олон улсын стандартын 7.1-ийн А-Ж-д заасан мэдэгдлийг М.Бадарчид Б сорьцын хариу ирсний дараа 2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр дөрвөн жилийн хугацаатай барилдах эрхийг хасах шийтгэлийг оногдуулахаасаа өмнө Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо нэн даруй мэдэгдэх байсныг хэрэгжүүлээгүй байна. Мэдэгдэхгүйгээр шийдвэр гаргасан нь тамирчны эрхийг дордуулсан байна гэж үзлээ.
Иймд давж заалдах шатаар үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлж буй комиссын хувьд анхан шатны шийдвэрийг нөхөн бүрдүүлэх боломжгүй тул мэдэгдлийг тамирчин М.Бадарчид албан ёсоор гардуулан өгч, шийдвэрлэж, мэдэгдэл хүргүүлснээс хойш долоо хоногийн хугацаанд хариу тайлбарыг спортын арбитрын дэргэдэх давж заалдах комисст ирүүлэхийг нэхэмжлэгч М.Бадарчид даалгаж байна.
Давж заалдах комиссын шийдвэр гартал М.Бадарчийн барилдах эрх түр түдгэлзүүллээ. Мэдэгдлийг Пүрэв гарагт хүргүүлнэ.
Тэгэхээр ирэх долоо хоногийн Пүрэв гараг хүртэл мэдэгдэлд хариу ирүүлэх болон ирүүлэхгүй байх эрхтэй. Дараагийн үндсэн болон бусад шийдвэрийг 2024 оны тавдугаар сарын 10-ны 10:00 цагаас танилцуулна.
М.Бадарч допинг хэрэглэсэн нь тогтоогдож байгаа учраас хамтран ажиллахыг санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл хэн тэр бодисыг хэрэглэхэд нөлөөлсөн, худалдсан, санал болгосон талаар хамтран ажиллах мэдэгдэл албан ёсоор хүргүүлнэ.
Хэрэв хамтран ажиллах ажиллагааг дэмжиж, зохих байгууллагуудтай гэрээ байгуулбал оногдуулсан шийтгэлийг бууруулах, хөнгөлөх, чөлөөлөх боломжтой. Хэрэв М.Бадарч допингийн бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нэг жилээр оногдуулсан шийтгэлийг багасгах боломжтой.
Дээрх хоёр эрхийг үр дүнгийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо эдлүүлээгүй. Тиймээс Давж заалдах шатны комисс нөхөн олгож байна" хэмээн танилцуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД