С.Чинзориг: АНУ-аас Д вирусийн эсрэг эм авч,эмчилгээний зардлыг төрөөс хариуцаж ард иргэдээ эмчилнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар элэгний Д вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлсэн юм. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "АНУ-аас Д вирусийн халдварын эсрэг эм оруулж ирэхээр яриа хэлэлцээ хийж байгаа. Энэ эмийг Европт 10-12 мянган еврогоор худалддаг. Манайх АНУ-ын эмийн үйлдвэртэй хэлцэл хийж байгаа. Европт зарагдаж байгаа үнээс найм дахин хямд байхаар ярьж байгаа. Мөн дундын зуучлалгүйгээр ХӨСҮТ АНУ-ын үйлдвэрээс шууд худалдан авахаар ярьж байна. Засгийн газрын гишүүдэд энэхүү мэдээллээ танилцууллаа. Энэ ажлыг яаралтай зохион байгуулахыг дэмжсэн. Эрүүл мэндийн сайдын хувьд хоёр арга хэмжээ авна.

Нэгдүгээрт, энэ эмийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шаардлагатай болно.

Хоёрдугаарт, энэ эмчилгээг эхлүүлэхтэй холбоотой мэдээллийг ирэх долоо хоногт Байнгын хороонд танилцуулна. Байнгын хороо энэ эмчилгээний зардлыг шийдвэрлэх тогтоол баталж, Засгийн газарт чиглэл өгнө гэж итгэж байна. Өндөр өртөгтэй эмчилгээ, дээрээс нь Д вирусээр өвчилсөн хүмүүсийн ихэнх нь тэтгэврээс өөр орлогогүй ахмадууд байдаг. Эрүүл мэндийн тухай хуульд "Халдварт өвчний эмчилгээний зардлыг төр хариуцна" гэсэн заалт бий. Тиймээс Д вирусийн эмчилгээний зардлыг төрөөс хариуцах, гарах зардлыг жил бүр төсөвт суулгахыг Засгийн газарт чиглэл болгосон тогтоол Байнгын хорооноос баталж өгөхийг хүссэн.

Энэ жил "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд долоон тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн сайдын багцад тусгасан. 2023 онд энэ хөтөлбөрт зарцуулсан хөрөнгөнөөс таван тэрбум гаруй төгрөг үлдсэн. Нийтдээ 13 орчим тэрбум төгрөг бий гэсэн үг. Энэ санхүүжилтээр Д вирусийн эсрэг эмчилгээг яаралтай эхлүүлэхийг Засгийн газрын гишүүд дэмжсэн. Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг нь яаралтай хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлнэ" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ