Японы Засгийн газраас малчдад цахилгаан үүсгүүр, дулаан хөнжил хандивлалаа

Япон улсын Засгийн газраас зудад нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн тусламж, хандивыг илгээжээ. Хандивыг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөллийн хамт гардуулан өглөө.

Элчин сайд Игавахара Масарү "Малчид зудад нэрвэгдэж их хэмжээний малаа алдаж, хохирол амсаж байна. Цаашид хохирол бага учраасай гэдэг үүднээс Японы Засгийн газраас тусламжийн бараа илгээсэн. Энэхүү тусламжийн барааг богино хугацаанд Монголд ирэхэд туслалцаа үзүүлсэн ЖАЙКА олон улсын байгууллага болон хамтран ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисс, УОК-ийн Шуурхай штабынханд баярлалаа. Япон-Монголын ард түмэн хүнд хэцүү цагт бие биедээ тусалсаар ирсэн. Энэ нь хоёр орны харилцааны гол тулгуур юм. Бид малчдад ямар тусламж хэрэгтэй талаар Онцгой байдлын байгууллагаас асууж судлаад, цахилгаан үүсгүүр, уртасгагч, дулаан хөнжил, ус нөөцлөх сав бэлдлээ. Эдгээр эд зүйлийг малчдын гарт цаг алдалгүй, шуурхай хүргэж өгөхийг хүсье" гэлээ.

Хандивыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү болон бусад албаны хүмүүс хүлээн авав. Тэрбээр, “Энэ өвөл сүүлийн 50 жил ороогүй их цас орж газар нутгийн 90 орчим хувь нь цасан бүрхүүлтэй олон сар боллоо. Үүний улмаас өвөлжилт хүндэрч өнөөдрийн байдлаар 5.2 сая буюу нийт мал сүргийн 8.1 хувь нь хорогдоод байна. Та бүхний ирүүлсэн тусламж эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсаж байгаа малчдын амьдралд дэм болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ