ХЭҮК: ТББ бүртгэлгүй үйл ажиллагаа явуулах, бүртгэлийг цахимжуулах шаардлагатай

УИХ-аас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар Монгол Улсад хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний механизм бий болсон. Комисс нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу  хүний эрх хамгаалагчийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байна.  

ХЭҮК-ын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо 2023 оноос хойш нийт 130 орчим гомдол хүлээн авч, Хорооны 4 дүгнэлт гаргаж, Комиссын гишүүний 17 зөвлөмжийг хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Гомдол шийдвэрлэх хүрээнд:

  1. ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэстэй хамтран 2 хүний эрх хамгаалагчид хамгаалалтад авсан.
  2. Нийт 3 хүний эрх хамгаалагчид сэтгэлзүйн туслалцаа, 1 хүний эрх хамгаалагчид хууль зүйн туслалцааны дэмжлэгийг Хүний эрхийн форумын дэргэдэх “Хүний эрхийн зөрчилд шуурхай хариу үзүүлэх тусгай төсөв”-т хандаж шийдвэрлүүлсэн.
  3. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран 1 хүний эрх хамгаалагчид амьжиргааны тэтгэмжийн асуудлыг олон улсын байгууллагад хандаж хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн.

-ИРГЭНИЙ НИЙГЭМ БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-

Ардчилсан нийгэмд иргэний нийгмийн байгууллага нь хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх зүйт ёс бүрэн хэрэгжих нөхцөлийг хангах төрийг дэмжин ажиллахад хүний эрх хамгаалагчид чухал үүрэг гүйцэтгэдэг. Төрийн эрх бүхий байгууллагууд тайван замаар илэрхийлж байгаа шүүмжлэлт үзэл санааг дэмжих хэрэгтэй бөгөөд хүний эрх хамгаалагчдын хууль ёсны, чухал үүргийг олон нийтэд нээлттэйгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна.

Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжин, иргэний нийгэмд тулгуурлан хөгжих зорилгыг Үндсэн хуульдаа баталгаажуулж, энэ үзэл санаанд нийцүүлэн эрх зүйн шинэтгэл хийж, 1997 онд Төрийн бус байгууллага (ТББ)-ын тухай хуулийг баталсан. Уг хууль батлагдсанаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, хүний эрхийг хангахад ТББ-ууд чухал үүрэг гүйцэтгэж байна. 

Төрийн бус байгууллагууд нь сайн дурын үндсэн дээр гишүүддээ үйлчилдэг, нийтэд үйлчилдэг, ашгийн төлөө бус хуулийн этгээд буюу холбоо, сан байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж байна. Анх 1998 онд 1,075 ТББ бүртгэгдэж байсан бол 2023 оны байдлаар 31,130 ТББ бүртгэгдсэн нь 28,9 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

-ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧДАД ТУЛГАМДАЖ БУЙ БЭРХШЭЭЛ, ЭРСДЭЛ-

Үндэсний хэмжээнд: 

Хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудад дараах тогтолцооны шинжтэй хүндрэл, бэрхшээлтэй асуудал нийтлэг тулгардаг байна.     

Хууль, эрх зүйн орчны хүрээнд:

ТББ өөрөө хүсвэл албан ёсоор бүртгүүлэх, эсвэл хуулийн этгээдээр бүртгэж болно. Харин хууль тогтоомж, захиргааны журмууд нь тодорхой, энгийн бөгөөд ялгаварлан гадуурхсан шинж агуулаагүй байх шаардлагатай. Тэдгээр хууль, журмаар тухайн байгууллагуудад үйл ажиллагааг нь саатуулах, эсвэл хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд хууль бус шаардлага тавьж, дарамт үзүүлэх ёсгүй юм. Эрх бүхий байгууллагууд нь зохих үндэслэл бүхий шаардлагуудын биелэлтэд хяналт тавихдаа ТББ-ын хараат бус байдал, бие даан шийдвэр гаргах боломжийг хүндэтгэнэ. Өөрсдийн дотоод хэрэг, удирдлага, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд нь саад болох ёсгүй. ТББ-ыг бүртгэх, үйл ажиллагаа явуулахад тавьдаг зохих ёсны шаардлагуудыг хангаагүй бол эрх бүхий, эсвэл бүртгэлийн байгууллага ямагт залруулах боломжоор хангаж, зохих зөвлөмж өгч байх хэрэгтэй.

Манай улсад Төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу төрийн бус байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдлэх нөхцөл бүрддэг учир заавал бүртгүүлэх шаардлагатай байдаг. Уг нь иргэний нийгмийн байгууллага үйл ажиллагааг бүртгэлгүй явуулах эрхийг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, сайн туршлагын дагуу хүлээн зөвшөөрөх нь зүйтэй билээ.

Гэвч одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор төрийн бус байгууллагууд улсын бүртгэлд шинээр бүртгүүлэхэд иргэд өөрийн биеэр очих, ялангуяа аймаг, орон нутагт олон километр хол газраас аймгийн төвийг зорих шаардлага тулгардгаас гадна олон тооны материал бүрдүүлэх, улсын тэмдэгтийн хураамжийг банканд очиж төлөхөд хугацаа шаардах зэрэг хүндрэл учирч байна.

Тиймээс ТББ бүртгэлгүй үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулах, бүртгэхээс татгалзах үндэслэлийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай байна. 

-ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДЫН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БУЙ ХЭЛБЭР-

Комисс нь 2022 онд “Хүний эрх хамгаалагчийн мэдлэг, ойлголт хандлага, хэрэгжилт тодорхойлох судалгаа”-г хийж, судалгааны үр дүнд тулгуурлан Монгол Улс дахь Хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд Хүний эрх хамгаалагчийн эрх, хамгаалалтын асуудлыг тусгасан.

Харин 2023 онд “Иргэний нийгэм болон байгаль орчны хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” судалгааг хийж, судалгаанд Монгол Улс дахь хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн хүний эрх хамгаалагчид болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчид болох байгаль хамгаалагчид, экологийн цагдаагийн алба хаагчид, төрийн бус байгууллагын ажилтан, идэвхтнүүдийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, 23 дахь илтгэлд тусгахаар ажиллаж байна.

Судалгааны хүрээнд 902 оролцогчоос асуулга авч, 25 удаагийн ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагыг 82 хүний эрх хамгаалагчийг хамруулав.

Иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрх хамгаалагчдын мэдээлэл хайх, хүлээн авах эрх, эрх чөлөөний хэрэгжилт хангалтгүй байна. Тодруулбал, “Иргэний орон зайн төлөв байдал, түүнийг дэмжих эрх зүйн таатай орчны хэрэгцээ шаардлагыг тодорхойлох” судалгаанд оролцогч ТББ-уудын 54.7 хувь нь мэдээлэл хайх, хүлээн авах эрх чөлөөг дундаас доогуур гэж үнэлжээ. Мэдээлэл авч чаддаггүй шалтгааны хувьд олон шат дамжлага шаарддаг, шаардсан биш ерөнхий мэдээллийг өгдөг шалтгаан 50-иас илүү хувийг эзэлж байна. Мөн хүний эрх хамгаалсны төлөө саад бэрхшээлтэй учирсан, эсэхийг тодруулахад тэдний 17.6 хувь нь буюу 120 ТББ саад бэрхшээлтэй учирдаг гэж хариулсан байна.

Хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байх үед бусдын зүгээс дарамт шахалт, заналхийлэл ирэх магадлал, үйл ажиллагааны чиглэлээр

 Үйл ажиллагааны чиглэл

Огт үгүй

Бага

Дунд зэрэг

Их

Маш их

1

Бэлгийн цөөнх

50.0%

50.0%

0.0%

0.0%

0.0%

2

Жагсаал цуглаан хийх эрх чөлөө

33.3%

0.0%

66.7%

0.0%

0.0%

3

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

19.7%

24.6%

45.9%

9.8%

0.0%

4

Шударга ёсыг шаардах

19.5%

26.8%

41.5%

12.2%

0.0%

5

Эмэгтэйчүүдийн эрх

16.1%

31.4%

39.0%

11.9%

1.7%

6

Байгаль орчин

9.0%

16.2%

29.7%

19.8%

25.2%

7

Уул уурхай

8.3%

8.3%

16.7%

50.0%

16.7%

8

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах

0.0%

50.0%

50.0%

0.0%

0.0%

9

Нийт

15.7%

24.8%

37.3%

14.3%

7.9%

 

Судалгаанд оролцсон иргэний нийгэм дэх хүний эрх хамгаалагчдын үйл ажиллагааны онцлогоос хамааран дарамт, шахалт, заналхийлэлд өртөх эрсдэл харилцан ялгаатай байна.

Тухайлбал, уул уурхай, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүний эрх хамгаалагчдын хувьд дарамт, шахалтад өртөх эрсдэл өндөр байна. Тэр дундаа уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа, судалгаанд оролцогчдын 16.7 хувь нь маш их эрсдэлтэй, 50 хувь нь их эрсдэлтэй гэж үзжээ. Харин байгаль орчны чиглэлээр ажиллаж буй хүний эрх хамгаалагчдын 25.2 хувь нь маш их, 19.8 хувь нь их магадлалтай гэж хариулжээ. Нийт судалгаанд оролцогчдын 7.9 хувь нь маш их, 14.3 хувь нь их, 37.3 хувь нь дунд зэрэг, 24.8 хувь нь бага зэрэг дарамт шахалт, заналхийлэл ирэх магадлалтай гэж үзсэн байна.

Хүний эрх хамгаалагчид бусдын зүгээс ирж буй дарамт шахалт, заналхийлэл, ажиллаж буй жилээс хамаарах нь

 

Судалгаанд оролцсон 21-ээс дээш жил хүний эрх хамгаалагчаар ажилласан хүмүүсийн 17.1 хувь нь бусдын зүгээс маш их дарамт шахалт ирдэг гэж хариулсан бол 11-20 жил ажилласан хүмүүсийн 6.3 хувь, 6-10 жил болон 5 хүртэл жил ажилласан хүний эрх хамгаалагчдын хувьд 5.7 хувь нь бусдын зүгээс маш их дарамт шахалт ирдэг гэж хариулсан.

Хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулах үед эрх нь зөрчигдөж байсан эсэх, үйл ажиллагааны чиглэлээр

Иргэний нийгэм дэх хүний эрх хамгаалагчид үйл ажиллагааны чиглэлээсээ хамаараад эрх нь зөрчигдсөн байдал харилцан ялгаатай байна. Тухайлбал, дээр дурдсанчлан байгаль орчин, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хүний эрх хамгаалагчид хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд байгаа бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид хамгийн бага эрсдэлд өртдөг гэжээ.

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд тулгардаг саад бэрхшээл

Эрх нь зөрчигдсөн гэж үзсэн хүний эрх хамгаалагчдын 61.5 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд эрх нь зөрчигдсөн гэж хариулжээ. Иргэний нийгэм дэх тэдгээр хүний эрх хамгаалагчид өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд дараах саад бэрхшээл тулгарч байна.

Судалгаанд оролцсон хүний эрх хамгаалагчдын эрхээ хамгаалуулж чадсан гэж үзэж буй үзүүлэлт хамгийн ихдээ 23.6 (цахим халдлагад өртсөн эрхээ сэргээлгэсэн), хамгийн багадаа 4.8 (үндэслэлгүйгээр эрүүгийн хариуцлага тооцох, тооцохоор сүрдүүлэх) хувьтай байна. Энэ нь иргэний нийгэм дэх хүний эрх хамгаалагч зөрчигдсөн эрхээ хамгаалуулж чадсан түвшин маш бага байгааг илтгэж байна. Өөрөөр хамгийн багадаа 76.4 хувь нь эрхээ огт сэргээлгэж чадаагүй аж. 

Төрийн бус байгууллагууд хууль дээдлэх, хүний эрх хамгаалсны төлөө тэдэнд төрийн албан хаагчдын зүгээс учруулах саад бэрхшээлийг авч үзвэл 64.9 хувь нь гутаан доромжлох, 51.6 хувь нь ялгаварлах, 32.4 хувь нь хууль шүүхээр дарамтлах гэж хариулсан байна. Төрийн зүгээс олон төрлийн тайлан мэдээ шаардах, үйл ажиллагааг шууд бусаар хориглосон шийдвэр гаргах, шаардлагагүй хяналт тавих зэрэг дарамт шахалт ихээхэн байдгийг тус судалгаанд онцолжээ. 

-ДҮГНЭЛТ-

Монгол Улс 2007 оноос эхлэн жил бүр 01 дүгээр сарын 31-ний өдрийг “Иргэний нийгмийн өдөр” болгон тэмдэглэснээс хойш 17 жил өнгөрсөн. Энэ хугацаанд иргэнийн нийгмийн байгууллагын үр нөлөөг үнэлж дүгнэх, үр дүнтэй үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх ажил хийгдээгүй байна. Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлогыг баталснаар дээрх асуудлууд шийдэгдэх боломжтой юм.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ТББ гэж иргэд, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллага” гэж зааснаас үзэхэд төрийн байгууллагаас бусад ашиг олох зорилгогүй байгууллагыг ТББ-д хамруулж байна. Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна. Гэвч холбогдох хуулиудад ашгийн бус байгууллагад тавигдах нийтлэг шаардлага зохицуулагдаагүй, ашгийн бус хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллага, ТББ, олон нийтийн байгууллага зэрэг нэршил, ойлголт нь нэг мөр тодорхойлогдоогүй, ойлгомжгүй байгаа тул эдгээрийн утга агуулгыг сайтар тодорхойлох шаардлагатай байна.

Төрөөс ашгийн бус байгууллагуудад үзүүлэх дэмжлэгийн нэг хэлбэр болох татвар, хураамжийн хөнгөлөлтийн бодлого улс орнуудад нийтлэг байна. Ашгийн бус байгууллагууд нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөггүй боловч тухайн байгууллагын зорилго, үйл ажиллагааг дэмжигчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт манай улсад байхгүй байна. Төрөөс ашгийн бус хуулийн этгээдийг дэмжих, хамтран ажиллах хэлбэрийг тодорхой хуульчилж, түүнчлэн нийгэмд тустай үйл ажиллагааг татвар, хураамжийн бодлогоор дамжуулан дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Түүнчлэн судалгаанд оролцогчдын үзэж байгаагаар ИНБ-ийн салбарын ажилчдын амьдралын баталгааг бүрдүүлэх зээл тусламжид хамрагдах, төрийн үйлчилгээг хөнгөлөлттэй авах, тэтгэлэгт хөтөлбөрүүд болон ажилд орох зэрэгт дэмжлэг үзүүлэх механизм дутагдаж байна. Уг механизмыг бий болгосноор иргэний нийгмийн институтийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж, үр нөлөө нэмэгдэнэ.

Судалгаанд оролцсон хүний эрх хамгаалагчид зөрчигдсөн эрхээ сэргээлгэж чадаагүй тохиолдлууд их байна. Хүний эрх хамгаалагчдад тулгарч буй аюул, эрсдэлд байгаль орчны хүний эрх хамгаалагчид болон эмэгтэй хүний эрх хамгаалагчдад илүү их тохиолдож байна. Тиймээс хүний эрх хамгаалагчийн аюул эрсдэлийн механизмыг сайжруулах, ялангуяа байгаль орчны хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй өс хонзогнолын сэдэлтэй хүний эрхийн зөрчлүүдийг илрүүлэх, арилгах чиглэлээр бодлого, зохицуулалт бий болгох, мөн нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна. Түүнчлэн байгаль хамгаалагч хариуцан хамгаалж байгаа нутаг дэвсгэртээ ажиллаж, амьдрахад тохиромжтой ажлын байр бий болгох, камержуулах, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчны бохирдлыг шинжлэх, тухайлбал байгаль дээрх хүнцэл, ионы хэмжээ болон уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчинд үзүүлж буй бусад сөрөг нөлөөллийг судлах лаборатори байгуулах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Манай улсын бүртгэлтэй иргэний нийгмийн байгууллагуудын тоо 1998 оноос 2023 онд 1.075-аас 31.130 болж 28.9 дахин нэмэгдсэн байна. Эдгээрээс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 7.405 нь үйл ажиллагаа явуулж байна.  Иргэний нийгмийн байгууллагууд бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулахад санхүүжилтийн эх үүсвэр тулгамдсан асуудал байсаар иржээ. Иргэний нийгэм хөгжсөн олон улс орнууд төрөөс иргэний нийгмийн байгууллагуудын хүний эрх хамгаалах үйл ажиллагааг санхүүжүүлэх сантай байна. Манай улсад ийм төрлийн сан байгуулагдсанаар иргэний нийгмийн байгууллагуудын хүний эрх хамгаалах үйл ажиллагаа тогтворжиж, үр дүн нэмэгдэх юм.

Хууль тогтоомжуудад “байгаль хамгаалагч” гэсэн нэр томьёоны тодорхойлолт байхгүй байна. Одоогийн байдлаар байгаль хамгаалагч нь улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад болон аймаг, нийслэлийн байгаль орчны газарт харьяалагдан идэвхтэн байгаль хамгаалагч, сайн дурын байгаль хамгаалагч, туслах байгаль хамгаалагч зэрэг статустай ажиллаж байна. Эдгээр байгаль хамгаалагчдын ажлын байр тодорхойгүй, аюул заналхийлэл өндөр байна. Тиймээс Байгаль хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болох, тогтолцоог шинэчлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн БОАЖЯ болон Байгаль хамгаалагчдын мэргэжлийн холбоо, байгаль орчны хүний эрх хамгаалагчид болон оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих, байгаль, экологийг хамгаалах ажлыг олон нийтэд сурталчлах нь чухал байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    зочин (192.82.66.30)
    Ашгийн бус гэж дээ бодит амьдрал дээр ТББ ынхаа нэрээр л ашиг олдог халамж асрамжийн нэртэй байгууллагаар ч хүн хүүхэд цуглуулаад ашгийн төлөө үхэн хатан явж байгаа хүмүүс зөндөө
    2024 оны 03 сарын 22 | Хариулах