Хонь хариулж явсан охиныг хороосон этгээдийг бүх насаар нь хорьжээ
Нийслэлийн прокурорын газраас 2018 онд Хөвсгөл аймагт хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон этгээдэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, С.Б-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 /Хүнийг алах/-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна.
Тухайн этгээд нь насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгүүлж байжээ.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог уул гэх газраас 13 настай охин 2018 оны наймдугаар сарын 7-нд хонио хариулахаар гарч яваад ор сураггүй болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн амь насыг өмнө нь хүчиндэх гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгэгдэж байсан 38 настай, эрэгтэй “Б” гэгч хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг.
Сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас олж тогтоосон байсан. Зургаан жилийн өмнө хохирогчийн амь насыг хохироож, хэргийн газраас гурван километр газарт зөөвөрлөн модон дунд нуусан байсныг илрүүлсэн байдаг.
Аймгийн цагдаагийн газраас сумын Засаг даргын Тамгын газар болон нутгийн иргэд, мэргэжлийн анги, байгууллагуудтай хамтран эрэн хайх ажиллагааг 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, үр дүнд хүрээгүй учир хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, тус хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг тасралгүй зохион байгуулсан гэдгийг хуулийн байгууллага мэдээлж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ