Өнөөдөр "бүх оддын барилдаан" болно
Монголын Үндэсний Бөхийн Холбооны "PEPSI-АЛТАН ЦОМ" барилдаанд оролцогчдоос үзэгчдээс хамгийн их санал авсан 14 бөх "бүх оддын барилдаан"-д зодоглохоор сонгогдоод байна. Бөхчүүд хоёр багт хуваагдан өрсөлдөх бөгөөд Даян аварга Н.Батсуурийн багийг Улсын гарди Д.Рагчаа дасгалжуулж, бүрэлдэхүүнд нь Улсын заан Б.Бат-Өлзий, гарди Ц.Бямба-Отгон, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан, Э.Сумъяабат, Э.Батмагнай нар багтжээ. Тус багт сонгогдсон Улсын харцага Г.Ганхуяг бэртэлтэй учир түүнийг Улсын начин Э.Батмагнай орлох юм.
Тэгвэл Улсын аварга П.Бүрэнтөгсийн багийг Улсын заан Д.Баасандорж дасгалжуулна. П.Бүрэнтөгс аварга өөрийн багтаа отгон аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын заан Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл, харцага О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат нарыг сонгожээ.
Энэ үеэр урлаг, спортын алдартнуудаас бүрдсэн холимог оддын барилдааныг мөн зохиох юм байна. Уг барилдаанд урлаг, спортоор олны танил болсон арван хүн тав таваараа хоёр баг болж хуваагдсан юм. Багуудыг үзэгчдээс хамгийн олон санал авсан Улсын аварга О.Хангай, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар дасгалжуулна. О.Хангай аваргын багт дуучин Д.Намсрайноров, Ц.Отгонбаяр, хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, “Хоромхон” клубын довтлогч Н.Наранболд, “ТВ Коктейль”-ийн жүжигчин А.Өнөржаргал, фитнесс модель С.Эрдэнэцогт нар багтсан байна. Харин Улсын харцага Б.Зоригтбаатарын багийн бүрэлдэхүүнд 2021 оны Монголын мистер Т.Батнасан, Монгол Улсын манлай уяач О.Батболд, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, жүжигчин О.Амгаланбаатар, дуучин Д.Найдандорж нар багтсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ