Улаанбаатарт -3 хэм хүйтэн байна
Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасан. Тус сэрэмжлүүлэгт, өнөөдөр буюу 16-нд төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулжээ.
16-нд баруун болон говиийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга, 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Салхи 16, 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Мөн өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -10…-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ