Тавин хувь хямдарсан утаагүй түлш иргэдийн гарт очиж эхэллээ
Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит хуралдаанаас гэр хорооллын 220 мянган өрхийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдруулсан үнээр худалдахаар болсон.
Ингэснээр иргэд энэ сарын 3-ны өдрөөс эхлэн 2021 оны 04 дүгээр сарын 01 хүртэл нэг тн сайжруулсан шахмал түлшийг 75 мянган төгрөгөөр авах боломжтой болж байгаа бөгөөд шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ ч 50 хувь буурлаа.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК Нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн жил утаагүй түлшний төслийн санхүүжилтийг хариуцаж, Тавантолгой түлш ХХК-ийг бүрэн санхүүжүүлсэн. Ойрын хугацаанд Нийслэлийн зүүн хэсэгт шахмал түлшний шинэ үйлдвэр ашиглалтанд орж нээлтээ хийнэ, ингэснээр Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаа өргөжин, үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж байгаа бөгөөд шинэ үйлдвэрийн санхүүжилтийг мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас гаргажээ. Шинээр ашиглалталтанд орж буй үйлдвэрүүд нэмэгдсэнээр нийслэлийн утаа 80 хувь буурах боломжтой болж байна.
Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4000 тн, сард 120 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг судалгааг холбогдох байгууллагаас гаргаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ