“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн  “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Тогтоолын төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулахдаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж хуульчилсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэн баталсан. Ингэснээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг 30 жилээр, хөгжлийн зорилтот дэд хөтөлбөрүүдийг 10 жилээр, Монгол Улсын хөгжүүлэх үндсэн чиглэлийг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хамт 5 жилээр тус тус батлан хэрэгжүүлэхээр болсон. Иймд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах” УИХ-ын тогтоолыг төслийг боловсрууллаа.


Сүүлийн 30 жилд хөгжлийн бодлого төлөвлөлт болон залгамж чанар нэлээдгүй алдагдсан учрас хөгжлийн бодлого төлөвлөлтийг хуульчилсан гэлээ.  



Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, П.Анужин, Н.Алтанхуяг, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Ажлын хэсэгт хүрэлцэн ирсэн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбар яамдын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, газрын албан тушаалтнууд хариулт өгөв.


Улсын Их Хурлын гишүүн С.Батболд таван жилийн үндсэн чиглэлийг баталснаар үр дүнг нь хэрхэн дүгнэх, үнэлэх талаар, П.Анужин гишүүн хүний хөгжлийн бодлогыг талаарх тодорхойлолтоо оновчтой болгох, эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг уртасгах бодлогыг төрийн цогц бодлогод оруулах, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний чанарын талаар, ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолыг генетикийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүнээр бэлтгэх заалт оруулах талаар, Н.Алтанхуяг гишүүн хийх ажлыг илүү нарийвчлах талаар асууж, хариулт авлаа.


Асуулт, хариулт дууссанаар тогтоолыг төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ