“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.24) хуралдаан 11 цаг 10 минутад 53.8 хувийн ирцтэйгээр эхэлж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.


Хуралдаанаар эхлээд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, С.Ганбаатар, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, үндсэн чиглэлийн төсөлд эрүүл мэндийн салбарыг цахимжуулах асуудлыг нэн тэргүүний зорилт болгон дэвшүүлсэн хүрээндээ иргэдийг эрт илрүүлэгт цахимаар дуудаж хамруулдаг байх тогтолцоог бүрдүүлэх чиглэлд тодорхой алхам хийх асуудлыг тусгах саналыг Ж.Чинбүрэн гишүүн хэлсэн. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, үндсэн чиглэлийн төсөлд нийгмийн ардчиллын гурван тулгуурт зарчмыг оруулах, хэрэгжилтийн механизмийг нь тусгах саналуудаа багцалсан гэдгээ танилцуулав. Тэдгээрийг ажлын хэсэгт хүргүүлэхээр боллоо. УИХ-ын гишүүн С.Мөнхцэцэг мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд авч хэрэгжүүлэх бодлого арга хэмжээний талаар тодрууллаа.


Засгийн газрын түвшинд тодорхой бодлогуудыг тодорхойлоод, авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тусгаад явж байгаа бөгөөд энэ хүрээнд хэд хэдэн хууль тогтоомжийг боловсруулж, батлах шаардлагатай гэдгийг Л.Оюун-Эрдэнэ тайлбарласан. Цахим шилжилтийн суурь нөхцөлүүдийн нэг чухал хэсэг нь иргэн хүний хувийн нууцад өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр төр болон өөр хэн нэгэн нэвтрэх боломжгүй хэмжээнд нууцлах асуудал гэдгийг онцолж, хувь хүний нууцыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэв. Засгийн газрын эхний 100 хоногт багтаан төрийн бүх үйлчилгээг нэг цонхонд нэгтгэж, цаашдаа хувийн хэвшлүүдийг уриалж ажиллахаар төлөвлөөд байгаа гэв.


Бүгд Найрамдах Эстони Улсын шинжээчид манай улсад ажиллаж, үнэлгээ хийсэн бөгөөд Монгол Улс цахим шилжилт хийхэд парламент болон Засгийн газарт улс төрийн манлайлал, эр зориг шаардлагатай гэдгийг онцолсон байна. Учир нь цахим шилжилт хийснээр удирдах албан тушаалтнуудыг эрх  мэдлийг  хязгаарлдаг. Үүнээс гадна төрийн үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, улмаар цахим шилжилтийг 7-8 жилийн хугацаанд хийнэ гэдэг дүгнэлтүүдийг гаргасан байна. Иймд ирэх 4 жилд цахим шилжилтийг 60 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа хэмээн Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хариулсан.



Одоогоор Цахим аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд холбогдох судалгаануудыг хийж байгаа гэв. Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартыг бүх түвшинд нэвтрүүлж, мөрдөх шаардлага, төрийн байгууллагуудын харилцаа, холбоо, мэдээлэл технологийн аудитыг хангуулах шаардлагын талаар мэдээлэл өгсөн. Түүнчлэн нийт мэдээллийн нууцлалыг хангах зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлын хяналт, удирдлагын төвийг байгуулах төвийг байгуулах шаардлагын талаар ажлын хэсгээс хариулт мэдээлэл өгсөн.


Дараа нь УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням боловсролын салбарын цахим шилжилтийг олон улсын жишигт нийцүүлэх, баримт бичгүүдийн цахим хувилбарыг хүлээн зөвшөөрдөг байхтай холбоотой зохицуулалтыг хийх саналыг хэлж байв. Х.Ганхуяг гишүүн Улаанбаатар, Дархан зэрэг суурьшлын бүс орчимд “Цахиурын хөндий” шиг цахим чөлөөт бүс байгуулах, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хувь хүнийг төрөөс бодлогоор дэмжих, ажлын байрыг бий болгосон тохиолдолд урамшуулал олгох зэрэг зохицуулалтуудыг хийх саналыг хэлж, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдэх нь зүйтэй гэдэг санал хэлэв. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “E Mongolia” хөтөлбөрийн хэрэгжилтийн төлөвлөгөөний талаар тодорхой мэдээлэл авах хүсэлтээ илэрхийлсэн бол Ц.Сэргэлэн гишүүн кибер аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэхтэй холбоотой арга хэмжээний ач холбогдлын талаар санал хэлэв.



Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гаргасан зарчмын зөрүүтэй 5 саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.



Хуралдаанаар дараа нь “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн юм. Мөн гишүүд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.



Хуралдааны төгсгөлд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Н.Учрал төслийн талаар танилцуулсан юм. Тус Байнгын хорооноос 08 дугаар сарын 11-ний өдөр “Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжид үндэслэн дээрх төслийг боловсруулжээ. Бүх шатны боловсролын цахим сургалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор дараах хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгохоор төсөлд тусгасан байна. Үүнд, бүх шатны боловсролын цахим болон онлайн сургалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Боловсролын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнд тавигдах нийтлэг шаардлага, жишиг аргачлалыг боловсруулж, мөрдүүлэх, бүх шатны боловсролын байгууллагуудын мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, дэд бүтцийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, бэлэн байдлыг үе шаттай хангуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ.


Түүнчлэн багшийг мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан сургалт явуулах арга зүйд сургах, багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэл ажлыг хангах, багш бэлтгэх сургуулийн хөтөлбөрт цахим боловсролын агуулга оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн бүртгэл, хичээлийн идэвх оролцоо, дүн мэдээлэл, даалгавар, нэмэлт материал зэргийг нэгтгэсэн эцэг, эх хяналт тавих бололцоо бүхий системийг нэвтрүүлэх талаар судалж, хэрэгжүүлэх чиглэл өгсөн байна.


Долоодугаарт, Үндэсний хэмжээний нээлттэй сургалтын цахим системийг хөгжүүлж, сайн жишиг хөтөлбөр, хичээлүүдийг байршуулах, боловсролын цахим шилжилтэд шаардагдах зардлыг улсын төсөв, олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлэхийг үүрэг болгосон бөгөөд тогтоолын хэрэгжилтийг энэ оны 4 дүгээр улиралд Байнгын хороонд танилцуулахыг Засгийн газарт даалгасан байна.



Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын 1 томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. "Гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрэх үед Монгол Улсын хилийн тухай хуулийн 17.6-д заасны дагуу хил хамгаалах байгууллага биеийн давхцахгүй өгөгдөлийг авч, улсын хилээр нэвтэрсэн зорчигчийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажлыг эхний ээлжинд олон улсын хилийн боомтуудад нэвтрүүлэх" гэж төсөлд нэмэх саналыг гишүүдийн олонх дэмжсэн.


Дараа нь тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 9 нь дэмжснээр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ