Б.Баттөмөр: Монголын төрд чадвар муутай нь л ажилладаг, чадвартай нь өөрсдөө компани байгуулдаг
“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Тогтоолын төсөлтэй холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монголын төрд 200 гаруй мянган хүн ажиллаж байгаа нь их тоо байна. Яагаад ийм их байдаг юм бэ. Ажилтай орлоготой байна гэдэг хүрээнд орон тоо их байна уу. Орон тоог цөөрүүлэх боломж байна уу. Монголын төрд чадвар муутай нь л ажилладаг, чадвартай нь хувийн компанид эсвэл өөрсдөө компани байгуулдаг. Яагаад төрд орох сонирхолгүй байна гэхээр цалин бага. Тиймээс орон тоог 30 хувиар бууруулж, цахимжуулан, тэр хэмнэлтээ цалин дээр нэмэгдэл болговол болохгүй юу?
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчийн компани болон төрийн өмчийн орон тоон дээр ажиллах ажлын хэсэг байгуулсан. Хувийн компанийн 50 хүнтэй хийх ажлыг төр 100 хүнтэй хийж байна уу гэдэг дүгнэлтийг гаргана.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Дунд шатны төрийн албан хаагчдын ёс зүйг сайжруулах шаардлагатай. Мөн төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлыг хөнддөг ч Төрийн албаны хүмүүс мэдээлэл ямар хэлбэрээр авахыг хүсэж байна тэр хэлбэрээр явагддаг. Төр юу хийж байгааг олон нийтэд хүргэж чадахгүй байгаагаас төр ажиллахгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Тэгэхээр энэ чиглэлд ажилламаар байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Нэг жишээ дурдахад нэг хүн нэг жилд нэг ажил гүйцэтгэсэн байгаа юм. Энэ юу хэлээд байна гэхээр төрийн албаны бүтэц хэт данхар байна. 2-3 хүний дээр нэг дарга байна. Төрийн албаны ажлын зураг авалт хийж үр дүнг нь тооцох хэрэгтэй байна.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ