"Эдийн засгийг сэргээхэд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна"
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн албанаас санаачлан НҮБ, болон түүний системийн байгууллага, бусад олон улсын байгууллагатай хамтран COVID-19 Монгол Улсын нийгэм эдийн засагт ямар хор хохирол учруулж буй талаар томоохон судалгаа хийжээ.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа "Судалгаанаас харахад цар тахлын нөлөө Монгол Улсад маш хүчтэй нөлөөлж байна. Гэхдээ нөлөө нь одоогийн байдлаар бүрэн мэдрэгдэж дуусаагүй, цаашид 2-3 жил үргэлжилнэ гэсэн таамаглал дэвшүүлж байна.
Тухайлбал, ДНБ-ий 24 хувийг эзэлдэг уул уурхайн салбарын өсөлт 30 хувиар буурсан нь эдийн засгийг 10.7 хувиар буурахад нөлөөлсөн байна.
COVID-19-ийн нөлөөнд ямар хүмүүс илүү өртөж буйг харахад
- 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх айлууд
- Залуу гэр бүлүүд
- хөгжлийн бэрхшээлтэй иргэд
- ахмад настан
- цөөн тооны малтай малчин иргэд өртөж буй нь судалгаагаар гарсан.
Иймээс НҮБ Засгийн газартай хамтран ирэх хоёр жилийн хугацаанд авч хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан. Эдийн засгийг сэргээж, ард иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг тэгш хүртээх, эрүүл мэнд боловсролын салбарыг хөгжүүлэх гэх зорилтын хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг тусгаж хэрэгжүүлж байна.
Үүнд 50 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэж үзэж байна. Үүний 50 хувийг нь НҮБ дангаараа гаргах боломжтой, үлдсэн 50 хувийг бусад олон улсын байгууллага, Засгийн газар хамтран босгох шаардлагатай байна гэсэн тооцоолол гаргасан" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ