Ерөнхийлөгч БНХАУ-д суух Элчин сайд Т.Бадралд Итгэмжлэх жуух бичиг гардууллаа
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон хошууч генерал Т.Бадралд Итгэмжлэх жуух бичгийг нь өнөөдөр гардууллаа.
Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Ерөнхийлөгч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын үеэр буюу онцгой нөхцөл байдалд Элчин сайдаар томилогдож байгаа гэдгийг сануулж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган ажиллахыг хүссэн байна.
Тухайлбал, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, эрчим хүчний салбаруудад хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх төслүүдийг ажил хэрэг болгох, идэвхжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй гэлээ.
Ерөнхийлөгч Элчин сайд, хошууч генерал Т.Бадралд хоёр орны харилцааг тогтсон урсгалаар нь бус, шинэ эрч хүч, идэвх санаачилгаар хөтөлж, ЭСЯ-ны дипломатуудын ажлын тодорхой хувийг БНХАУ-ын улс төр, эдийн засгийн тухай судалгаа, мэдээлэл, дүн шинжилгээг тогтмол, прагматикаар хийхэд анхаарал хандуулахыг захисан гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ