"Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлвэл 1.5 их наяд төгрөгийн зардал гарна"
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 54.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж байна.
Тэрбээр "Корона вирусийн халдварт цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолоогүй их хэмжээний хохирол учирч, улмаар 2020 оны дэлхийн эдийн засаг огцом буурч 4-6 хувьд хүрэхээр байгаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар, төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тус тус буураад байна.
Гэнэтийн давагдашгүй цар тахал, хөл хорионоос үүдэлтэй эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа хэдий ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих мөчлөг сөрсөн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг тусган төсвийн тодотголын төслийг боловсруулсан" гэв.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Төсөв дээр тогтож ярихгүй бол болохгүй. Жижиг сажиг тодотгол, засвар хийж болно, гэхдээ хэрээс хэтэрчихээд байна. Цар тахал гээд төсвөө хэмнэхийн оронд дараа жилийн хуулиа өөрчлөөд сууж байдаг парламент байна. Төсөв хэмнэх боломжтой гэж нам харгалзахгүй гишүүд хэлж байна. Төсвөө хэмнэхгүй улсын өрийг ихэсгэж байна. Хэд гэж бичсэн тоогоо хэд гэж өөрчлөх гээд байгаа юм бэ. Ч.Хүрэлбаатар сайд хэлээд өгөөч.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хандлага зөрүүтэй байгаад байгаа юм. Коронавирусийн халдвартай холбоотойгоор дэлхийн эдийн засаг унаад байна. Япон 27.8, Их Британи 20.4, Евро бүс 12.1 хувиар унаад байна. Гэхдээ 2021 онд эдийн засаг өснө гэсэн тооцоог олон улсад гаргаад байна. Тиймээс ирэх жил өсөх юм бол эдийн засгаа дэмжих нь зүйтэй гэж оруулж ирсэн. Хөрөнгө оруулалт, төсөвт байгууллагын 118 тэрбум төгрөгийг хассан. Нөгөө талдаа хүүхдийн мөнгийг 20 мянга байсныг 100 болгосноор 800 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болсон.
Мөн эрүүл мэндийн салбарт 100 тэрбум, нийгмийн эмзэг бүлгүүдийг дэмжих зардлуудыг нэмсэн. Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй. Хоёрдугаарт мөчлөг сөрсөн арга хэмжээг авах ёстой. Эдийн засаг агших үед зэрэг агшвал борц болчихно. Энэ бодлогыг 2018, 20119, 2020 онд дараалж явуулж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатар сайд энд мөчлөг энэ тэр гэж хичээл заагаад яах вэ. Та хэд гэсэн тоог хэд болгож байгаагаа хэлчих гэсэн шүү дээ. Аж ахуй нэгжийг дэмжих, иргэдээ дэмжихийг дэмжилгүй яах вэ. Яг хэд гэсэн тоог хэд болгож байгаагаа хэлчих
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Бодлого явуулж байгааг асуусан учраас үндэслэлтэй, онолтой зүйл учраас хэлсэн шүү. Түүнээс хичээл заах гээд байх сонирхол ч алга. ДНБ -1 гэж тавьсан. Анх үүнийг 6 хувиар тооцож байсан. Өөрөөр хэлбэл ДНБ 7 хувийн зөрүүтэй. Хэрэглээний үнийн өсөлтийн хэмжээг 8 байсныг 3.8 хувиар тооцсон.
УИХ-ын гишүүн Ш.Адъшаа: Суусан төсөв нь нэмэгддэг нь ямар учиртай вэ. Ижил обьектууд өөр үнийн дүнгээр батлагддаг нь ямар учиртай юм бэ. 2021 оноос нийгмийн халамжтай холбоотой арга хэмжээ үргэлжлэх боломж байна уу, үргэлжлүүлэх үү.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсөвт тавьсан хөрөнгө оруулалт жил дараалж нэмэгддэг асуудал бий. Үүнийг юунаас болж байгааг судалж үзэхэд зураг төсөвгүй байхад нь оруулж ирдэг. Энэ алдааг дахиж гаргамааргүй байна. Хоёрдугаарт зураг төсөв нь 2010 онд хийгдсэнийг 2019 онд төсөвт суулгахаар үнийн дүн өөрчлөгдөж гардаг. 2021 оноос эхэлж улсын төсөвт зураг төсөвгүй, газаргүй бол хөрөнгө оруулалт тавихгүй гэдгийг хатуу шийдье гэж байгаа юм. Хэрэв ингэж чадвал энэ алдаа цэгцэрчих болов уу.
Ажлын хэсэг: Халамжийн хөтөлбөрийг энэ чигээр нь ирэх жилүүдэд үргэлжлүүлэхэд хамгийн түрүүнд хүүхдийн мөнгө их ачаалал үүсгэнэ. Хүүхдийн мөнгийг 20 мянган төгрөгөөр олгоход 240 тэрбум төгрөг зарцуулдаг бол 100 мянга болгосноор 1.5 их наяд төгрөгийн зардал гарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ