Л.Оюун-Эрдэнэ: Авлигын асуудал зөвхөн төрийн дээд шатанд байдаг гэж ойлгож болохгүй

"Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх гэж байна. Хуулийн төслийг хууль санаачлагч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.  


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцсан. Залгамж халаа маш чухал. Өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Оюутны зээлийн асуудал яригдаж байна. Зээлийн санхүүжилт шийдэгдэхгүй байгаагийн улмаас оюутнууд сургуулиасаа хөөгдөх дээрээ тулгарч байна. Энэ асуудал дээр Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ. Эрдэнэт үйлдвэрийн өмчлөлийн асуудлыг тодруулмаар байна. Мөн Тавантолгойн уурхайд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах нь нэн тэргүүний зорилт байх ёстой. ТЭЗҮ-гийн асуудал ямар шатанд яваа бол. 


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Оюутнуудын зээлийн асуудал үргэлжилнэ. Оюутнууд төгсөөд Монголдоо ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл гарсан. Үүн дээр тулгуурлаад ямар чиглэлийн хүчин бид нар дутагдаж байгааг харгалзан үзэн уул уурхай, инженер, програмистууд зэрэг боловсон хүчнүүдийг бэлтгэхэд анхаарна. Мөн төгсөж ирээд эх орондоо ашиглах байдлаар гэрээ хийнэ. Цар тахалтай холбоотой ийм амаргүй нөхцөл байдлын үед эдийн засгаа агшаахгүй байхаар томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Үүн дотор Тавантолгойн нүүрсний үйлдвэрийн бүтээн байгуулалт багтсан байгаа.


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Таван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр гэдгийг сайн ойлгохгүй байна. Дараагийн сонгуулиар өөр нам гараад ирвэл тус нам үргэлжлүүлж хэрэгжүүлэх юм уу. Эсвэл шинэ хөгжлийн загвар гаргах юм уу. Бусад улс орнуудыг хараад байхад хөгжлийн загвараа 10 жилээр тодорхойлдог шүү дээ. Гол хөгжлийн загвараа зөв тодорхойлмоор байна. Бүтэц боловсон хүчнээ бэлдэх хэрэгтэй. Аль ч Засгийн газрын үед ийм баримт бичгүүд гарч байсан.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Энэ хуулинд иргэний нийгмийн оролцоо маш хумигдсан байна. Төр бүх асуудлыг шийдэж чадахгүй. Төр нь иргэний нийгмээ дэмжсэн ямар салбарт хамтарч ажиллаж болох талаарх санаануудыг тусгаж өгмөөр байна. Авлига хээл хахуультай тэмцэх чиглэлээр ил тод байдал шилэн дансны хэрэгжилтийг тусгаж өгмөөр байна. Хүн болгон байгууллага болгон шилэн байдал авлигатай тэмцэхэд гол хүчин зүйл болно. Таван жилийн гол баримт бичигтээ эдгээрийг тусгаж өгмөөр байна.


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай холбоотой асуудлыг зөвхөн төрийн дээд шатанд байдаг гэж ойлгож болохгүй. Төрийн дунд шатанд авлигын буглаа нуугдаж байна. Үүнийг таслан зогсоохын тулд төрийн үйлчилгээг цахимжуулна. Ингэснээр хувь хүнтэй харьцдаггүй болохоор дунд шатны болон анхан шатны авлига буурна. Үүний тулд бид таваас зургаан хуулийг батлах ёстой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ