"Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд" хэлэлцүүлэг болж байна

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйл, тэр дундаа 6.1, 6.2 дахь заалтын үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, цаашдаа энэ чиглэлээр авч байгаа арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2020.08.19/ Төрийн ордонд болж байна.


Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсны дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн талаар нийгэмд буруу ташаа мэдээлэл түгээх санаатай болон санамсаргүй ойлголтын зөрүү гарч байгаатай холбогдуулж хэлэлцүүлэг зохион байгуулж байгааг тэмдэглээд  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн зорилгын нэг нь Монгол Улсад гүнзгийрсэн орлогын тэгш бус байдал, засаглалын хяналт тэнцэл алдагдсан байдлыг засаж залруулах зорилготой байсан. Тэр дундаа байгалийн баялаг үр ашиг муутай, ард түмэнд үр өгөөж багатай байсан учир Зургаадугаар зүйлд өөрчлөлт оруулсныг онцоллоо.



Тэрбээр “Зургаадугаар зүйлд өөрчлөлт оруулахдаа улс орныхоо эрх ашгаас урвасан, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хөндсөн ямарваа нэгэн заалт, сонирхлыг Монгол Улсын Ерөнхийлөгч ч санаачлаагүй, Монгол Улсын Их Хурал ч батлаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хэрвээ ийм асуудал гарсан байвал хуулийн хамгийн хүнд ял, хариуцлагыг хүлээхэд бэлэн байна.


Энэ заалтыг зориуд санаатайгаар мушгин гуйвуулж, нийгэмд буруу ташаа ойлголт тарааж байгаа хэсэг бүлэг хүмүүс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу цаашид өөрчлөгдөх ёстой Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн  сангийн тухай хууль, Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуулийг батлах ажилд саад тотгор учруулах гэсэн алсын зорилготой гэж үзэхээс аргагүй” гээд Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн суурь зарчмын талаар болон нэмэлт, өөрчлөлт оруулсан үндэслэл, шаардлагын талаар тайлбар мэдээлэл өглөө.



Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлд газар, байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох эрх зүйн үндсийг хангах талаар эрдэмтун судлаачид санал солилцох, хууль зүйн үндэслэл бүхий ойлголтыг олон нийтэд өгөх зорилготой  “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна.


Хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд оролцож байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ