Хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. Тус хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулав.



Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 03 дугаар захирамжаар шинэчлэн байгуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд, Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нар ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг хуулийн төслийн үзэл баримтлалыг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс гарсан санал, 2020 оны 05 дугаар сарын 8, 14 болон 08 дугаар сарын 12-ны өдрийн хэлэлцүүлгээс гарсан саналууд, энэ сарын 17-ныг хүртэл иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг харгалзан зарчмын зөрүүтэй 56 санал, хуулийн нэр томъёо, үг хэллэг, дугаарлалтыг жигдлэх, 4 багц найруулгын саналыг бэлтгэн Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт оруулж байгааг Ж.Сүхбаатар гишүүн танилцуулсан.


Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулахдаа төслийг зүйл бүрээр хэлэлцэхээр хуульчилсан. Энэ дагуу  хуулийн төслийн зүйл бүрээр, Ажлын хэсэг болон хуралдаанд оролцсон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ