Монголбанк: Өнөөгийн нөхцөлд зээлийн хүүг 3 хувь болгох ямар ч боломжгүй
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Юуны өмнө би банкны салбартай холбоотой хэдэн тоо хэлье. Энэ салбарт эргэлдэж буй нийт мөнгөний хэмжээ 35 их наяд төгрөгт хүрсэн. Зээлийн хэмжээ 20 орчим их наяд төгрөг байгаа юм. Энэ бол хадгаламж эзэмшигчдийн мөнгө.
Бид банкуудыг системийн нөлөө бүхий, жижиг гэж ангилдаг. Системийн нөлөө бүхий 5 банк энэ салбарын 85 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр манай эдийн засаг банкнаас тэжээгдэж байна гэсэн үг. Энэ салбар тогтвортой байх хэрээр манай эдийн засаг эрүүл байна. Мөн хуулийн хүрээнд банкуудад хяналт шалгалтаа явуулж байна. Банкуудын үйл ажиллагаа хэвийн байна. Ялангуяа системийн нөлөө бүхий 5 банкны үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа.
Активын чанарын үнэлгээг 2017 онд 14 банканд хийхэд 500 орчим тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Бид тэдгээр банкуудад хугацаа өгч, банкууд хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлсэн. Дараа нь тэдгээр шинэ эх үүсвэрийг магадлан шалгах ажиллагааг АНУ-ын аудитын компани хийсэн. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадаагүй тул Капитал банкийг татан буулгасныг та бүхэн мэднэ. Тус банканд хадгалж байсан Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын 270 орчим тэрбум мөнгийг эргүүлэн төлүүлэхээр манай эрх хүлээн авагч ажиллаж байна.
Одоогоор таван банканд дээрх сангуудын 900 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл бий.
Одоо хоёр жижиг банк (Үндэсний хөрөнгө оруулалтын банк) өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна. ОУВС-гаас хэрэгжүүлсэн, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн аудитын дүгнэлтэд Өршөөлийн хуулийн дараа ил болсон хөрөнгийг өөрийн хөрөнгөнд тооцохгүй гэсэн юм. Монголбанк үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. КОВИД 19-ийн улмаас аудитын мэргэжилтнүүд манай оронд ирж, газар дээрх хяналт шалгалтыг хийж чадахгүй байгаа тул хяналт шалгалтын ажил удааширч байна.
Duff&Philips компани банкуудад аудитын шалгалт хийгээд ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр Ил тод байдлын тухай хуулийн дараа (Өршөөлийн хууль ч гэж нэрлэдэг) буюу тухайн үед татвар төлөөгүй байж байгаад Санийн яам дараа нь бүртгэсэн эх үүсвэрээр банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх нь хууль зүйн хувьд ямар үндэслэлтэйг тодруулах шаарлагатай гэж үзсэн.
Мөн ХК буюу олон нийтийн компанийн мөнгийг өөрийн хөрөнгөд ашигласан. Үүнийг зөвшөөрсөн хуулийн заалт манай улсад байгаагүй тул мөн магадлах үүрэг өгсөн. Хэдийгээр Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр дууссан ч бид банкны хяналт шалгалтаа үргэлжлүүлнэ.
Чили, Индонез, Норвеги гэх мэт уул уурхайн салбараас дийлэнх орлогоо бүрдүүлдэг улсуудад ч эдийн засаг нь хүндрэлтэй тулсан. Манай гадаад валютын албан нөөц 3.7 тэрбум ам.доллар байна. Бид ханшийг тогтвортой барихаар банкуудын дунд дуудлага худалдааг 7 хоногт хоёр удаа тогтмол зохион байгуулж, 1.2 тэрбум ам.доллар нийлүүсэн.
Ирэх оны тавдугаар сард бид Мазаалай бондыг эргүүлэн төлнө. Тэр болтол томоохон дүнтэй, гадаад өр төлбөр байхгүй. Иймд макро эдийн засгийн тогтвортой байдал үргэлжлэн, зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Одоо зээлийн хүү 16 хувь байгаагийн 10 хувь эх үсвэрийн зардал, үлдсэн нь банкны үйл ажиллагаа, өрсөлдөөн, банкуудын төвлөрлийн зардал зэрэг байгаа юм. Иймд эдгээрийн хаана нь ямар арга хэмжээ авбал зээлийн хүү буурах вэ гэдгийг тооцоолсон. Судалгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр хүлээлгэн өгөв.
Сүүлийн хэдэн өдрийн турш хэсэг хүн Төрийн ордны гадна жагсаж, зээлийн хүүг 3 хувь болгон бууруулах шаардлага тавилаа. Өнөөгийн нөхцөлд шууд 3 хувь болгох ямар ч боломжгүй. Сүүлийн дөрвөн жилд жил бүр зээлийн дундаж хүү 1 пунктээр буурсан. Цаашид ч үргэлжлэн багасна.
Бодлогын хүү 10 хувь байхад инфляц 3 хувь болж бууран, зөрүү нь 7 хувь болчихлоо. Энэ их зөрүүг яаж бууруулах вэ гэдэгт бид анхаарч ажиллаж байна. Инфляц дунджаар 3-4 хувь байгаа тул бид цаашид инфляцын таазыг 8 хувиас 6 хувь болгон бууруулна.
Чанаргүй зээлийн хэмжээ 17 их наяд төгрөгт хүрсэн. Банкууд, зээлдэгчийн хооронд үүссэн олон маргаан шүүхийн шатанд байна. Төгсгөлд нь хэлэхэд макро эдийн засийн суурь орчин тогтвортой байна. Бүх банк бидний хяналтад байгаа тул ямар нэг эрсдэлтэй зүйл байхгүй" хэмээн онцлов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ