Төсвийн хуулиудыг боловсруулах ажлын баг байгуулав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихийн зэрэгцээ хоёр ажлын баг байгуулав. 



Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, ажлын багаас хариулт авсны дараа санал хураахад 12 гишүүний 10 нь буюу 83.3 хувь нь дэмжиж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.



Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын баг байгуулав. Тус Ажлын багийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ж.Батсуурь, Ш.Раднаасэд, Б.Чойжилсүрэн нар ажиллах юм.



Мөн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын баг байгуулав. Энэхүү Ажлын багийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан ахалж, бүрэлдэхүүнд Ц.Анандбазар, С.Амарсайхан, Х.Баделхан, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж нар ажиллахаар шийдвэрлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ