Б.Энхбаяр: 180 мянган төрийн албан хаагчтай гэдэг ч бодит байдалд 220 мянга давчихсан
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр (2020.08.18)-ийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй байх бөгөөд эдгээрийн хүрээнд 2021-2025 онд хэрэгжүүлэх бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлон тусгах замаар энэхүү үндсэн чиглэлийн зорилт нь урт хугацааны бодлогын баримт бичигтэй уялдах болно.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагчаас асуулт асуув.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөтэй байх талаар тусгасан. Энэ дагуу таван жилээр оруулж байгаа нь зөв. Амьдралын чанарыг дээшлүүлэх, ажлын байр бий болгоход үйлдвэржүүлэлтийн асуудал хамгийн чухал. Гэтэл энэ асуудал төсөлд орхигдсон байх юм. Хоёрдугаарт, Булган аймгийн Хялганат, Эрдэнэт чиглэлийн автозам ТЭЗҮ боловсруулах гэдэгт тусгагдаж. Уг нь зурагтай, 53 км автозам. Үүн дээр тайлбар өгнө үү.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Таван жилийн энэхүү төлөвлөгөөний онцлог нь бодлогын асуудлуудыг аль болох яаманд нь үлдээхийг зорьсон. 100 гаруй төслийг хэрэгжүүлнэ. Үүний хэдэн хувь нь ТЭЗҮ-тэй хэд нь ТЭЗҮ-гүй вэ гэдгийг тодорхой болгоод, ТЭЗҮ-гүй төслүүдээ Барилга, хот байгуулалтын яаманд зураг төслийг нь хийх төсвийг нь эхний жилдээ шийднэ. Төсвийн тодотголд ч энэ дагуу сууна. 72 мянга орчим ажлын байр зөвхөн улсын төсвөөс хэрэгжүүлэх томоохон төсөлд хөтөлбөрүүдийн хүрээнд шийдэгдэнэ.
Тухайлбал, төмөр замын төсөл, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой төслүүд хэрэгжинэ. Энэ хүрээнд хувийн хэвшилтэй хамтарч ажиллавал бидний зорилт тавьсан 150 мянга орчим ажлын байр бий болох боломжтой гэж тооцоолсон. Дундаж орлоготой иргэдийн хувь хэмжээг нэмэгдүүлж байж нийгмийн тогтвортой байдал хангагдана. Нийгмийн тогтвортой байдал хангагдаж байж эдийн засгийн тогтвортой байдал хангагдана гэж судлаачид үздэг. Цар тахлын үед аль болох дундаж давхаргаа живүүлчихгүй, ажлын байруудыг хадгалах бодлогыг эхний 1-1.5 жилд дэвшүүлнэ.
Цаашдаа дундаж орлоготой иргэдээ дэмжихийн тулд орон сууц, эрүүл мэнд, боловсролын чанарыг дээшлүүлэх, мөн зээлийн хүүгийн асуудлыг цогц байдлаар хэрхэн багасгах вэ гэдэг бодлого хэрэгжүүлнэ. Мөн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгочихвол дундаж давхаргаа дэмжихэд чиглэсэн боловсролын зээл, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, орон сууц, эрүүл мэнд болон нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг нэг сангаас төлөвлөлт хийх хууль эрхзүйн орчин бүрдүүлнэ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Төрийн байгууллагын үйлчилгээний бүх шатанд цахим шилжилтийг шилжүүлнэ гэдгийг дэмжиж байгаа. Үр дүнгээ өгнө. Төрийн албан хаагчдын тоо өнөөдөр хэд байгаа вэ. Монголын төр данхайгаагүй, хэвийн хэмжээндээ байгаа гэдгийг хамгаалахын тулд төрийн алба хаагчдын тоог дарж мэдээлдэг. Сүүлийн 15 жил төрийн алба хаагчдыг төрийн үйлчилгээний алба руу, улсын төсөвт үйлдвэрлэлийн газар руу, эсвэл улсын үйлдвэрийн газар гэдэг нэршлээр байгуулаад, тэнд ажиллаж байгаа хүмүүсээ төрийн алба хаагчдын тоонд оруулж мэдээлдэггүй. 180 мянган төрийн албан хаагчтай гэдэг ч бодит байдалд 220 мянга давчихсан.
Улсын үйлдвэрийн газар гэдэг нэрийн дор 20-30 мянган төрийн албан хаагчийг тоонд оруулахгүй байгаа. Багш, эмчээс гадна бусад нэмэгдэж байгаа төрийн захиргааны албан хаагчдыг нэмэхгүй байх бодлогын санал дэвшүүлж болох уу. Эдийн засгийн хөгжилд хамгийн их саад, чөдөр нь төр өөрөө. Төрийн өмчит компаниудыг олноор байгуулдаг. Дөрвөн жилийн өмнө нийслэлд 40 гаруй орон нутгийн өмчит компаниудтай байсан бол өнөөдөр 70 гарчихсан. Мөн дөрвөн жилийн өмнө улсын төсөвт үйлдвэрлэлийн газар 90 орчим байсан бол өнөөдөр 136 болж нэмэгдсэн. Энэ хэрээр тоо өсч зардал нь улсын төсвийн хяналтад орохгүй дураараа тэлж байгаа.
Тансаглал, авлига тэр хэрээр их гарч байна. Авлигыг бууруулна гэсэн зорилт тавьсан нь буруу. Гэмт хэрэг буурснаар тухайн бодлогын үр дүнг хэмжиж болохгүй. Албан тушаалын гэмт хэрэг АТГ-т таван жилийн өмнө жилдээ 30 орчим хэрэг шалгагддаг байсан бол өнөөдөр 300-400 гэмт хэрэг жилдээ шалгаж байгаа. 10 дахин нэмэгдсэн нь муу үзүүлэлт биш, нуугдмал байсан нь илэрсэн гэсэн үг. Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд ямар зорилго тавьж байгаа вэ. Албан тушаалын гэмт хэргийн 90 хувь нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудад гардаг. Авлигын улмаас 11 их наяд төгрөгийн хохирол учирсан гэдгийг АТГ-аас мэдээлсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ