Баруун бүсэд хэрэгжүүлэх усан хангамжийн инновацын төслийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа өчигдөр (2020.08.17) Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд М.П.Сингх УИХ-ын гишүүн Ш.Адьшаад Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар баруун бүсийн ард иргэдийн төлөөлөгч болж, эрхэм гишүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Манай хоёр орны улс төрийн харилцаа өнгөрсөн хугацаанд амжилттай хөгжиж ирсэн. Энэ харилцааг худалдаа, хүмүүнлэг, боловсрол, байгаль орчныг хамгаалах чиглэлд өргөжүүлэн идэвхжүүлэх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрөгч оны 9 дүгээр сард тус улсад хийсэн айлчлалын үеэр хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Монгол Улсын баруун бүсийн цөлжилт, хуурайшилтыг бууруулах зорилготой “Мөнх байгалиа тэтгэх Мөсөн суварга” усан хангамжийн инновацын төслийг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Гэвч дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилж байгааг ноён Элчин сайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Энэ хүрээнд “Өв соёл нэгт”, “Стратегийн түншлэгчид”, “Гэрэл гэгээт ирээдүй” гэсэн үндсэн гурван сэдвийн дагуу тодорхой ажлыг хийхээр төлөвлөсөн гэв.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л салбарт идэвх санаачилгатай ажиллаж байгаа Элчин сайд М.П.Сингхэд талархал илэрхийлээд цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа олон төсөл хөтөлбөр ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Цаашид хоёр улсын харилцааг улам өргөжүүлэхэд байгаль орчин, худалдаа, эдийн засаг, соёл боловсролын салбарт хамтран ажиллах бололцоо бүрэн бий. Тухайлбал, орон нутгийн төрийн албан хаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, малчин хөдөлмөрчдийг сэргээгдэх эрчим хүчний анхан шатны мэдлэг олгох богино хугацааны сургалтад хамруулах, байгаль орчныг хамгаалах зэрэг олон төслийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахыг Элчин сайдаас хүсэв.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх, ноос, ноолуур, мах, сүү зэрэг хөдөө аж ахуйн зарим бараа бүтээгдэхүүнийг Энэтхэг Улсад экспортлох, хөрөнгө оруулагчдыг татах бизнес форумыг зохион байгуулах, байгаль орчныг хамгаалах, соёл боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ