Өрөнд "баригдсан" мөнгөгүй Монгол
Энэ оны Монгол Улсын төсөв 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.8%-тай тэнцэх хэмжээний алдагдалтай байх тооцоог Сангийн яам гаргасан. Үүнээс 1.6 их наядыг нь гаднын зээл тусламжаар хэрэгжүүлэх ба санхүүжих эх үүсвэр бэлэн гэдгийг Сангийн сайд хэлсэн бөгөөд хөтөлбөрийн зээлийг төсвийн дэмжлэг хэлбэрээр оруулах замаар санхүүжүүлнэ гэж үзэж байгаагаа дурдсан.
Тэгвэл коронавирусийн халдвар гарснаас хойш гаднын улс орнууд болон олон улсын байгууллагуудаас Монгол Улсад олгохоор болсон зээл тусламжуудыг доор хүргэж байна. Япон улсаас олгож байгаа мөнгө буцалтгүй тусламж байгааг эс тооцвол дийлэнх нь манай улс эргэж төлөх мөнгөнүүд байгааг харж болно.
Үүнийг хэрхэн зарцуулж байгааг шилэн болгохыг иргэд шаардаж буй бөгөөд Засгийн газар ямар тайлбар өгснийг нэгтгэн хүргэе.
АНУ-аас манай улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгөхөөр болов /2020.03.24/
Зориулалт: АНУ-аас үзүүлж буй уг тусламжийг эрсдлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шилжилгээ хийхэд ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэхэд зориулна.
Засгийн газрын тайлбар: Энэ дэмжлэгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар (ОУХА) дамжуулан Эрүүл мэндийн яам, Монгол дахь ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн санд халдвараас сэргийлэх болон халдварын үеийн хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр олгоно.
Дэлхийн банк 26.9 сая ам.доллар буюу 75 орчим тэмбум төгрөгийн санхүүжилт олгохоор болов /2020.04.02/
Зориулалт: Яаралтай тусламж үйлчилгээний эмч, сувилагч, эрчимт эмчилгээний ажилтнуудыг сургах; эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах, түүнчлэн Улаанбаатар хот болон бүх аймгуудад COVID-19-ийг оношлох чадавхийг бэхжүүлэх зэрэг COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээ авах нэн тулгамдсан хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дэмжлэг үзүүлэх юм.
Мөн эрүүл мэндийн байгууламжийг сэргээн засварлах, халдварыг хянах арга хэмжээ, сургалт зэргийг эрүүл мэндийн бүх байгууллагуудад зохион байгуулах ба халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, удирдах тухай нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр харилцаа холбоо, мэдээллийн кампанит ажлыг дэмжинэ.
Засгийн газрын тайлбар: 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдийг 1000 орчим нэр төрлийн 11 500 гаруй тоног төхөөрөмжөөр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн худалдан авалтыг Дэлхийн банкны журмын дагуу Эрүүл мэндийн яам зохион байгуулах бөгөөд санхүүжилт нь тоног төхөөрөмж нийлүүлэгч компани руу Дэлхийн банкнаас тухай бүр шилжинэ.
Япон Улс 670 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болов
Зориулалт: Япон улсын Засгийн газраас COVID-19 коронавируст халдвар дэлхий нийтээр тархаж буй энэ үед Олон улсын байгууллагуудтай хамтран арга хэмжээ авах үүднээс Монгол Улсад НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаар дамжуулан 670,680 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснээ Гадаад харилцааны яаманд албан ёсоор мэдэгдэв.
Засгийн газар: Тайлбар өгөөгүй
АХБ-наас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэв /2020.05.08/
Зориулалт: Нэмэлтээр баталж буй санхүүжилт нь улсын хэмжээний хоёр болон гурав дахь шатлалын эмнэлгүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийн тасгуудыг шинэчлэх, эмнэлгүүдийн COVID-19 халдварыг оношлох, эмчлэх чадавхыг сайжруулах, үүний дотор эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ болон яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх чадамжийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Мөн төслийн санхүүжилтийн үр дүнд Улаанбаатар хотод эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулах юм.
АХБ Монголын засгийн газарт 100 сая ам.долларын зээл олгохоор болов /2020.05.12/
Зориулалт:
Хүн амын эмзэг бүлэг болон ААН-үүдэд үзүүлэх нэн чухал тусламж дэмжлэгийг санхүүжүүлэх, эдийн засагт цар тахлын үзүүлэх сөрөг нөлөөг зөөлрүүлэх, эрүүл мэндийн салбар, нийгмийн хамгааллын чиглэлд үүсээд буй санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг болох
Засгийн газар: Богино хугацаанд хэлэлцээр хийж, УИХ-аар соёрхон батлуулснаар 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн санд хүлээн авсан.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс манай улсад 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв /2020.05.27/
Зориулалт:
КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэхэд нэн шаардлагатай дэмжлэг үзүүлэх
Засгийн газар: НҮБ-ын системийн байгууллагууд УОК, ОБЕГ, ЭМЯ-тай Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн үеээс эхлэн шуурхай хамтран ажиллаж төрөл бүрийн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хэрэгсэл нийлүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх чадавхийг бэхжүүлэх хүрээнд дээрх тусламжийг үзүүлжээ.
Европын холбоо 50.8 сая евро буюу 155.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгов /2020.05.29/
Зориулалт: Ажлын байр нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэх бөгөөд КОВИД-19-ийн үзүүлж буй эдийн засаг, нийгмийн үр нөлөөг багасгах
Засгийн газар: 2020-2024 онд буюу 4 жилийн хугацаанд нийт 50.8 сая еврог буцалтгүй тусламжаар төсвийн дэмжлэг хэлбэрээр хүлээж авахаас 2020 онд 16 сая евро буюу 18 сая ам.доллар хүлээж авна. Хараахан орж ирээгүй байна.
Төсвийн дэмжлэгээс гадна Засгийн газар Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг оношлох, эмчлэх чадавхыг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх төслийн санхүүжилт хэлбэрээр нэн хөнгөлөлттэй зээл, тусламжийн эх үүсвэрүүд бүрдүүлсэн.
Японы засгийн газрын 1.2 тэрбум иенийн буцалтгүй тусламж олгоно /2020.06.12/
Зориулалт: “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум иен, “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иенийн буцалтгүй тусламжийг тус тус олгохоор шийдвэрлэсэн.
Засгийн газар: Эхний 1 тэрбум иенийг “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хэлбэрээр буюу "COVID-19" цар тахалтай тэмцэхэд зориулан эмнэлгийн машин болон эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж, хэрэгсэл Япон Улсаас нийлүүлнэ. Эдгээрийг худалдан авах, тээвэрлэх, нийлүүлэх ажлыг JICS (Japan International Cooperation System) байгууллага шууд хариуцан гүйцэтгэх бөгөөд санхүүжилт нь Япон Улс дотроо шууд шилжинэ.
249 сая иенийг Япон Улсын их, дээд сургуулиудад Монгол Улсаас хүмүүс сургахад “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд буцалтгүй тусламж хэлбэрээр зарцуулна.
ОУВС-аас 99 сая ам.долларын санхүүжилт олгов /2020.06.08/
Зориулалт: Covid-19-өөс хамгаалж, иргэдийн амь насыг эрсдэлд оруулахаас сэргийлэх ажлаа үргэлжлүүлж, эдийн засгаа тэтгэх
Засгийн газар: 2020 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Азийн хөгжлийн банкнаас 26.4 сая ам.доллараар санхүүжүүлэхээр болов /2020.06.22/
Зориулалт: Хүн амын эмзэг бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах хүрээнд Эмзэг, ядуу бүлэгт олгодог хүнсний эрхийн бичиг болон мөнгөн тусламжийн хөтөлбөрийг дэмжих.
Засгийн газар: Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн хоёр дахь багцын хэрэгжилтийг дэмжих, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор АХБ-тай хамтран дээрх төслийг боловсруулсан. Нийт 26.4 сая ам.долларыг 40 жилийн хугацаанд эргэн төлөхөөр нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу нэг хувийн хүүтэй, эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр тохиролцсон.
Нэгтгээд үзвэл нийтэд мэдээлснээр нийт зээл тусламж 356 орчим сая ам.доллар буюу ойролцоогоор нэг их наядаар хэмжигдэж байна.
Дээр танилцуулсан, гаднаас ирж буй зээл тусламжуудын мөнгийг зориулалтын бусаар зарцуулах боломжгүй гэдгийг Сангийн сайд хэлж, Засгийн газар тайлбар өгсөн ч зарцуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор танилцуулаагүй байна. Харин 2020 онд Монгол Улсын өр 3.8 их наяд төгрөгөөр нэмэгдэх нь тодорхой байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ