Ч.Хүрэлбаатар: Улсын төсвийн орлого 2.1 их наяд төгрөгөөр тасарсан
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Тэрбээр "Улсын төсвийн орлого одоогоор 2.1 их наяд төгрөгөөр тасарсан. Оны эцэс гэхэд 3.8 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Энэ нь ДНБ-ий 10 хувьтай тэнцэнэ. 1.6 их наяд төгрөгийн алдагдлыг гаднын зээл тусламжаар барагдуулна.
Эрүүл мэндийн салбарын зардлыг 115 тэрбум төгрөгөөр нэмсэн. Амны хаалт, эм эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас зэрэгт 71 тэрбум төгрөг, улирлын томцуугийн вакцины зардал 22 тэрбум төрөг тус тус зарцуулна. Халдвар тээсэн хүмүүстэй нүүр тулан ажиллаж байгаа хүмүүст (үүнд ОБЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, МХЕГ, ЦЕГ хамаарна)-т илүү цагийн цалин олгоход 110 тэрбум төгрөгийн зардал олгоно.
ХӨСҮТ-д тоног төхөөрөмж худалдан авахад 3 тэрбум төгрөг нэмж тусгасан. Энэ онд гэрээ хийгээгүй, тендер зарлаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхгүй. Ингэснээр 520 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэнэ. Эд хогшил тавилга, бараа үйлчилгээний зардал гэх мэт тэвчиж болох зардлууд буюу 118 тэрбум төгрөг танасан.
Хүүхэд бүрт олгодог 100 мянган төгрөгийг 2020 он дуустал хэрэгжүүлнэ. Уг нь энэ шийдвэр аравдугаар сар хүртэл үргэлжлэх байв. Үүнд 322 тэрбум төгрөг шаардлагатай. Байнгын асаргаа шаарддаг хүүхдийн тэтгэмжийг 100мянган төгрөгөөр нэмсэн. Энэ шийдвэр мөн цаашид үргэлжилнэ. НДШ–ийг ажил олгогч 5, даатгуулагч 5 хувь, нийт 10 хувь болгон тогтоов. Үүнд 144 тэрбум төгрөгийг нэмэлтээр улсын төсвөөс гаргана. НДШ-ийг аравдугаар сарын 1 хүртэл тэглэсэн. Үүнээс өмнө иргэд, ААН-үүд нийлээд 20-20 хувийн НДШ төлж байв. Нийт 10 хувь болгон бууруулснаар шимтгэлийг 50-60 хувь буурууллаа" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ