Г.Занданшатар: Энэ удаагийн чуулган бүхэлдээ амласан амлалтаа хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ.


Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ удаагийн чуулганаар зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажлын хэсгийн гишүүд Монголбанктай хамтран тогтоолын төсөл боловсруулахаар бэлтгэж байна. Төр засаг, иргэд аль аль нь зээлийн хүүг бууруулж, банкны салбарын шинжлэлийг эхлүүлэхэд санал нэгдэж буй. Улс орноо өөд нь татаж, хүн ардынхаа амьдралыг тэтгэх шинэчлэлийн шинэ зорилгийг тунхагласан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийн эрх зүйн хувьсгалыг үргэлжлүүлэх нь энэхүү чуулганы нэг зорилго юм.


Хоёр сарын дараа аймаг, нийслэлийн сонгууль болохтой холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хууль нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлахаар төлөвлөж байна. Бүхэлдээ энэ удаагийн чуулган та бидний сонгогч түмэндээ амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, ойрын жилүүдийн улсын санхүү, эдийн засгийг удирдан чиглүүлэх, ойрын жилүүдийн бодлогыг тодорхойлоход чиглэгдэх болно. Үүний төлөө сайд нар УИХ-д тангараг өргөсөн гэдгээ санаж, аргацааж буй ард түмнийхээ төлөө зориглож ажиллах ёстой.


Салбар бүрт шинэчлэлт, өөрчлөлт хийж сайн цаг, сайхан амьдралыг төвхнүүлнэ гэсэн ард түмнийхээ итгэлд гал асаах зорилт энэхүү чуулганаар эхлэх ёстой. Үр дүнд нь ард түмний төрдөө итгэх итгэл сэргэх ёстой. Монголоо өөд нь татаж, сэргээн мандуулах давалгаа эхэлсэн. Зөв бодлого, тууштай зүтгэл, өндөр хариуцлага, эрхэм ёс зүй биднийх байх ёстой. Ард түмнийхээ өгсөн үүргийг биелүүлж, эрс шинэчлэлийн салхийг түүчээлэгч нь байх ёстой, энэ парламент" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ