2019 онд улсын төсвийн зарлага 9.3 их наяд төгрөгт хүрчээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт “Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.


Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.


Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 1093 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 3472 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан байна. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг хамруулжээ.


Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 1,023.5 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь төлөвлөснөөс 444.8 тэрбум төгрөгөөр дутуу гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцсэн байна.


Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 8.0 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 623.9 тэрбум төгрөгөөр буюу 8.5 хувиар давж, улсын төсвийн зарлага 9.3 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр төлөвлөснөөс 111.5 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар бага байгаа аж. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэлийг 1,317.5 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнаж байгааг төслийн танилцуулгад дурджээ. Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 67.2 их наяд төгрөгийн хөрөнгө, 33.2 их наяд төгрөгийн өр төлбөр, үүнээс мөнгөн хөрөнгө 6.1 их наяд, авлага 5.6 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 8.5 их наяд, үндсэн хөрөнгө 37.6 их наяд төгрөг хэмээн тайлагнаж байгааг мөн төслийн танилцуулгад дурдсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ