Ерөнхийлөгч Батлан хамгаалах яаманд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтаж, хүндэт харуулын дарга, хошууч Ж.Баярцогт илтгэл өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Төрийн ёслолын Цэргийн цагаан туганд хүндэтгэл үзүүлж, жагссан бие бүрэлдэхүүнтэй мэндчиллээ.
Төрийн тэргүүн мөн Бүх цэргийн Их хар сүлдийн өргөөнд зочилж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллах үеэрээ тус яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагуудтай уулзаж, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтад Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, БХЯ болон ЗХЖШ-ийн удирдах бүрэлдэхүүн оролцлоо.
Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Батлан хамгаалахын үе үеийн сайд нарын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ