Инфографик: Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяраас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Гамшгаас хамгаалах тухай хуулийг Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, батлан хамгаалахын багц хуулиуд болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэн шинэчлэн найруулж, Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлан мөрдөж байна.
Дэлхий дахинд тархаад байгаа шинэ төрлийн коронавируст халдварын цар тахлын улмаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд үзүүлэх сөрөг нөлөө ихсэж байгаа тул Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас үүссэн гамшгийн онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан гамшгийн онцгой нөхцөлд нийцүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулсан.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалт, салбар хоорондын ажлын уялдаа, зохицуулалтыг хангах, холбогдох талуудын хариуцлага, эрх, үүргийг хэрэгжүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, иргэний хууль ёсны эрхийг түр хязгаарлах, үнэн зөв мэдээ мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн уялдаа, эрх зүйн зохицуулалтын чадамж бүрэн дүүрэн хангагдаагүйгээс хүндрэл үүсэж байна.
Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт орсон.
Хуульд гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай дараах зохицуулалтыг тусгасан:
1/Гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хуулийн хэрэгжилт, олон нийтийн ойлголтыг харгалзан зарим нэр томьёог өөрчлөн найруулж, “гамшгийн онцгой нөхцөл байдал”, ”гамшгаас урьдчилан сэргийлэх”, “хүмүүнлэгийн тусламж”, “хорио цээрийн дэглэм”, “хязгаарлалтын дэглэм”, “бэлэн байдал” зэрэг нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмж оруулсан.
2/Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмж тусган бэлэн байдлын зэрэгт бүрэн болон хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх ойлголтыг шинээр томьёолсон.
3/Гамшгаас хамгаалах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмж оруулсан.
4/Улсын Их Хурал, Засгийн газрын гамшгаас хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх бүрэн эрхэд нэмэлт оруулсан.
5/Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Улсын онцгой комиссын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шинэ зүйл нэмж оруулсан.
6/Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, Засаг дарга нарын бүрэн эрх, улсын албад, хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх хэсэг, заалтыг нэмсэн.
7/Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг хангахтай холбоотой хэсэг, заалтыг шинээр нэмж тусгасан.
8/Энэ хуулиар бусад хуульд давхардсан хэсэг, заалтыг хүчингүй болгож, зарим хэсэг, заалтыг өөрчлөн найруулсан.
9/Голомтын бүсэд ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувиас доошгүй байх, алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын байгууллагын харьяа нэгжид тухайн аймгийн харьяалалгүй алба хаагчийг томилон ажиллуулбал түүнд албан тушаалын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг улирал тутамд олгох, алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөн олговор олгохоос гадна онцгой байдлын байгууллагын захиалгаар суралцсан, онцгой байдлын алба хаагчийг бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагад цэргийн цолтой ажилласан, хугацаат цэргийн алба хаасан, онцгой байдлын сургуульд сонсогчоор суралцсан, уул уурхайн аврах албанд ажилласан хугацааг онцгой байдлын байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцохоор хуульчилж, алба хаагчдын үүргээ биелүүлэх баталгааг хангасан.
Улсын Их Хурлын Тамгын газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ