Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.


“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар болов. Хөтөлбөр нь КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжлийн, Эдийн засгийн, Ногоон хөгжлийн, Засаглалын, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогоос бүрдэж байна.


КОВИД-19. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах онцгой бодлого хэрэгжүүлнэ.


Хүний хөгжлийн бодлого. Эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын оновчтой бодлого хэрэгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэн, дундаж давхаргыг тэлнэ. Иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийн амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээг төлөвлөсөн байна.


Эдийн засгийн бодлого. Макро эдийн засгийн орчныг бэхжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг дунд хугацаанд даван туулах, тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх ач холбогдолтой салбаруудыг хөгжүүлнэ.


Ногоон хөгжлийн бодлого. Байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулан, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Байгаль, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчинд ээлтэй аж ахуй эрхлэх, байгалийн нөөц баялгийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх боломжийг бүрдүүлнэ.


Засаглалын бодлого. Шударга ёсыг бэхжүүлж, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журам тогтоон, хүнд суртлыг халж, хууль алагчлалгүй хэрэгждэг байх зарчмыг чанд мөрдүүлэн, иргэдийг амар тайван, аюулгүй амьдрах нөхцөлөөр хангана. Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор “Цахим Монгол” хөтөлбөр хэрэгжүүлнэ.


Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого. Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжиж, дэд бүтцийг сайжруулан, Улаанбаатар болон дагуул хотыг оновчтой төлөвлөлт, ухаалаг шийдэл бүхий хот болгоно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь эдийн засгийн төрөлжилтийг сайжруулж, тэргүүлэх салбаруудыг бодлогоор дэмжин хөгжүүлэх, экспортын өсөлтийг хангах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэржилтийн бодлого урт хугацаанд тогтвортой байх суурь зарчимд тулгуурлах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ