Ам.долларын “ааш”-наас шатахууны үнэ шалтгаалах цаг дор..

Коронавирусийн нөлөөгөөр олон орон дэлхийн зах зээл дээрх эдийн засгаа хумисан. Үүнтэй холбоотойгоор авто шатахууны хэрэглээ буурч, түүхий газрын тосны үнэ унаж эхэлсэн. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард нэг тонн газрын тос 610 ам.доллар байсан бол өнгөрсөн тавдугаар сард 220 ам.долларт очсон. Хамгийн доод түвшинд хүртлээ буурсан нь энэ үе юм.



Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурснаас үүдэн өнгөрсөн хавар шатахууны үнийг 500 орчим төгрөгөөр үе шаттай буулгасан билээ. Үүнээс хойш буюу долоодугаар сар хүртэл шатахууны үнэ тогтвортой байсан ч сүүлийн долоо хоногт ШТС-ууд жижиглэнгийн үнээ нэмсэн.  Тодруулбал, АИ-92, АИ-76, 80 ангиллын шатахууны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд тогтворжиж байсан боловч энэ долоо хоногт зарим ШТС литр тутамд 50-100 төгрөгөөр үнээ нэмжээ.


Одоогийн байдлаар “Сод Монгол”, “Шунхлай”, “Магнай трейд” зэрэг шатахуун түгээх газрууд үнийг 50 төгрөгөөр нэмж, АИ 92 шатахуунаа литр тутамд 1450 төгрөгөөр тус тус борлуулж байна. Харин "M-OIL" "Жаст ойл" зэрэг компаниуд үнэ нэмэлгүй АИ-92 шатахуунаа литр тутамд 1320 төгрөг, АИ-95 шатахуун 1800 төгрөгийн үнээр борлуулж байгаа юм. 


Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлдөг. Өнгөрсөн тавдугаар сард шатахуун импортлох гэрээг ам.долларын ханш 2795 төгрөг байхад хийсэн. Тухайн гэрээнд ханшийн зөрүү 50 хүртэлх төгрөг дотор литр тутмын үнийн зөрүү явагдахгүй бөгөөд 50 төгрөгөөс дээш гарсан үед литр тутамд үнэ нэмэгдэнэ гэж заасан байдаг.


Харин валютын ханш өсөж ам.доллар 2845 болж 50 төгрөгийн зөрүү гарч эхэлснээс шатахууны үнэ өссөн. Нийт хэрэглээний 32 орчим хувь нь АИ-92 ангиллын шатахуун эзэлдэг. Бид тус  ангиллын шатахуунд үнийн зохицуулалтыг хийж, урт хугацааны турш тогтвортой байлгах бодлогыг авч хэрэгжүүлсэн. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 2.4 орчим хувь өсөж үүнтэй холбоотой шатахууны үнэд өөрчлөлт орсоор байна” гэлээ.

 

  Цаашид шатахууны үнэ өсөх үү? 


Дотоодын зах зээлд ам.долларын ханш өссөөр байвал шатахуун худалдаж авах төгрөгийн хэмжээ нэмэгдсээр байна гэсэн үг. Импортлогчид шатахуунаа ам.доллароор худалдаж авдаг хэрнээ төгрөгөөр борлуулдаг учраас тэр. Бүтээгдэхүүн худалдаж авдаг валютынх нь ханш өсөхөөр борлуулах буюу төгрөгөөр илэрхийлэх үнийг нэмэхээс өөр замгүй. Тэгэхээр ам.долларын “ааш”-наас шатахууны үнэ шалтгаалах нь.   

 

 
 

Г.Хулан      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ