Сайд З.Мэндсайхан: Өвөлжилтийн бэлтгэлийг хангах Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно
Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад анхаарч аймгийн удирдлагуудтай хийх уулзалтыг бүсчилэн зохион байгуулжээ. 5 бүсийн аймгуудыг нэгтгэж хийж буй эхний уулзалт Өвөрхангай аймагт болсон бол энэ удаа Хэнтий аймагт боллоо.
Уулзалтын үеэр Шадар сайд Я.Содбаатар, Засгийн газраас гаргасан өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлагууд онцгой анхаарах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Зүүн бүсийн гурван аймгийн сумдын 50 хувь нь зуншлага сайтай, 30 хувь нь тааруу, 20 хувь нь гантай байна. Бусад аймагтай харьцуулахад зүүн бүсийн аймгууд зуншлага харьцангуй сайн байгаа учраас өвөлжилтийн бэлтгэл хангах, хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагуудад өндөр хариуцлага ирж байгааг ухамсарлаж ажиллах шаардлагатай байна. Засгийн газраас хадлан тэжээл бэлтгэхэд төсвөөс дэмжлэг, татаас үзүүлэхгүй байх шийдвэр гарсан учраас орон нутгийн удирдлагууд нөөц бололцоогоо бүрэн дайчилж, малчин өрх бүрийг хадлан тэжээлээ хангалттай төвшинд бэлтгэхийг уриалж ажиллах шаардлагатай байна” хэмээв. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээгүй, хариуцлагагүй хандсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно гэдгийг зөвлөгөөнд оролцогчдод хатуу санууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ