УИХ-ын гишүүд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яаманд ажиллалаа
Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын гишүүд энэ оны хавар /2020.05.13/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Уг хуулийн төслийг энэ удаагийн Парламент хэлэлцэн батлах учиртай. Өнөөдөр /2020.07.30/ УИХ-ын гишүүн Н.Учрал, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг нар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцлоо.
ХНХ-ын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Нийгмийн даатгалын тогтолцоо, тулгамдаж буй асуудал, статистик тоон мэдээлэл зэргийг УИХ-ын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгад УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон яамны зүгээс боловсруулсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн ижил болон ялгаатай талуудын харьцуулсан судалгааг дурдсан юм.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд идэвх санаачилгатай ажиллаж, Нийгмийн даатгалын өнөөгийн нөхцөл байдалд бодит дүн шинжилгээ хийж, гарц гаргалгааг гарган хуулийн төслийг өргөн барьсан гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал онцоллоо. Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл тэтгэврийн реформын эхлэл, цаашид Засгийн газраас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барихаар уг салбарт цогцоор нь эрс шинэчлэл, дэвшил гарнаа гэж найдаж гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баялгийн сан байгуулагдах ёстой. Үүнтэй уялдуулж тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг хэрхэн шийдэх гарц байгааг судлах тухайд санал хэлж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ХНХ-ын сайд А.Ариунзаяад амжилт хүсэж, тэтгэврийн реформыг хийхэд санал санаачилга гарган, хамтран ажиллаж өөрчлөлтийг хийх цаг болсон хэмээлээ.
Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийхдээ хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжих ёстой гэдэг дээр гишүүд болон холбогдох албаныхан санал нэгдэж, үүний төлөө нэгдэн ажиллахаа илэрхийлж байлаа. УИХ-ын ирэх намрын чуулганы хугацаанд Нийгмийн даатгалын багц хуулиуд болон Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ