Турк Улсын Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав. Элчин сайд Ахмет Язал Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарыг хамран өргөжин хөгжиж буйг тэмдэглэв.
Хоёр талын харилцааг цаашид худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахын чухлыг онцлоод 7 дугаар сарын 27-ны өдөр Монгол, Туркийн худалдааны танхим хамтарсан уулзалтыг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Сайд Н.Энхтайван хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавируст цар тахлын хөл хорионы улмаас нутаг буцах боломжгүй болсон Турк Улсад буй монгол иргэдэд Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахаар санал нэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ