Үнэт цаасны зах зээлийн журмуудад оруулж буй нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэв
Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн бодлого, зохицуулалтыг олон улсын жишиг, хөрөнгө оруулагч, мэргэжлийн оролцогчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлж боловсронгуй болгох, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэвшилтэт технологи, зах зээлийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна.
Дээрх ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох тогтоолуудаар баталсан “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журам”, “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”, “Хадгаламжийн бичгийг бүртгэх, нийтэд санал болгон арилжих тухай журам”-ын төслийг тус тус Захиргааны ерөнхий хууль болон олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулан 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын дунд журмын хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ТББ, Үнэт цаасны компаниуд, кастодиан банкууд болон хувьцаат компаниудын төлөөлөл оролцож журмын төсөлд холбогдох саналуудаа өгч, хамтран ажиллав.
Оролцогчдын зүгээс журмын төслүүдийг олон улсын жишиг, зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж боловсруулж байгаад талархалтай хандаж байсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс үнэт цаасны зах зээлийн бодлого, зохицуулалтыг боловсруулахад мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангаж идэвхтэй хамтран ажиллаж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ