Сайд Н.Энхтайван Австрали Улсын Элчин сайд Дэвид Мэтью Восэнийг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Мэтью Восэнийг долоодугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав. Монгол, Австралийн улс төрийн харилцааг гүнзгийрүүлж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх,  өргөтгөсөн түншлэлийн харилцааг бэхжүүлэх асуудлаар хоёр тал санал солилцлоо.


Австралийн Гадаад хэрэг, худалдааны сайд хатагтай М.Пейний мэндчилгээ дэвшүүлснийг Элчин сайд Д.М.Восен уламжилж, хоёр улсын Гадаад харилцааны сайд нарыг аль болох ойрын үед уулзуулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.


Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг Австрали Улс анхнаас нь тууштай дэмжиж, нэн ялангуяа хүний нөөцийн чиглэлд хөгжлийн тусламж үзүүлж ирсэнд Н.Энхтайван  сайд талархал илэрхийлэв. Цаашид уул уурхайн салбараас гадна  худалдаа, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг түлхүү өргөжүүлэх, австрали технологид тулгуурлан экспортод чиглэсэн хамтарсан үйлдвэр байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.


Мөн сайд Н.Энхтайван “COVID-19” цар тахлын хүнд хэцүү цаг үед улам нягт хамтран ажиллахын чухлыг тэмдэглэж, Австрали Улсад саатаад буй монгол иргэдийг эх оронд нь авч ирэхэд Засгийн газар онцгойлон анхаарал хандуулж байгааг онцолж, энэ ажилд дэмжлэг үзүүлж буй Элчин сайд Д.М.Восенд талархал илэрхийллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ