Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзав. Элчин сайд Чай Вэньруй Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Дэд сайд, Элчин сайд нар уулзалтын үеэр хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцав.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын шинэ засгийн газар гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, түүний дотор хоёр талын хооронд ярилцаж буй томоохон төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулахад анхаарч ажиллахыг тэмдэглэв.
Элчин сайд Чай Вэньруй хоёр тал олон улсын тавцанд ойр дотно хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлж ирснийг тэмдэглээд хоёр талын харилцааг улам хөгжүүлэхийн тулд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг тогтмолжуулах нь чухал болохыг тэмдэглэв.
Дэд сайд, Элчин сайд нар ГХЯ, ЭСЯ-ны үйл ажиллагааг Ковид 19 цар тахлын үр дагаврыг бууруулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн болгоход чиглүүлж ажиллахаар тохиролцов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ