ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж ажлаа хүлээн авчээ
Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн /2020.07.22/ хуралдаанаар Барсүрэнгийн Баасандоржийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Засгийн газрын шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олон болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагуудад танилцууллаа.
Б.Баасандорж нь төрийн албанд 19 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хорооны референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2018 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм.
Сануулахад, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Билгүүн ажиллаж байв. Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтад дүн, тус зөвлөлийн саналыг үндэслэн 2018 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаас Г.Билгүүнийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ