Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг сайд нарт даалгалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав.
Засгийн газрын хуралдаанаас:
- Нийслэл, аймгийн төв, суурин газрын хүн амын өвөл, хаврын хүнсний хэрэгцээнд зориулж мал, мах бэлтгэх, 20 мянган тонноос багагүй хэмжээний махны нөөц бүрдүүлэх
- Мал, махны экспортыг бүх хэлбэрээр дэмжих, нэмэгдүүлэх
- Отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгад хамруулах, тууврын замд хяналт тавих
- Байгаль, цаг агаарын аюултай, гамшигт үзэгдлийн талаархи урьдчилан сэргийлэх мэдээг иргэд, малчдад түргэн шуурхай хүргэж байх
- Малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх график гаргах, жирэмсэн, 0-5 насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын хяналтад байлгах зэргийг бүх сайд, холбогдох агентлагуудын дарга нарт даалгав.
Мөн:
- Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих
- Аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг заасан хэмжээнд бүрдүүлэх
- Малчид, мал бүхий иргэдийг өөрсдийнхөө хэрэгцээнд зориулсан хадлан, гар тэжээл бэлтгүүлэх
- Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн улсын хилийн зурвас газрын ойролцоо хадлан бэлтгэх талбайг говийн бүсийн болон хадлангийн нөөц багатай аймгуудад ашиглуулах, дэмжлэг үзүүлэх
- Улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газарт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тоог урьдчилан гаргах, холбогдох төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авч гэрээний дагуу өвөлжүүлж, хаваржуулахдаа газар нутгийн маргаан гаргахгүй байх
- Отроор өвөлжих, хаваржих малчдыг эрүүл мэндийн даатгалд заавал хамруулах
- Малчин өрхийн талаархи мэдээллийг аймаг хоорондоо солилцож, отроор яваа үед нь тухайн орон нутаг эмнэлгийн тусламж /ялангуяа яаралтай тусламж/ үзүүлэх бэлтгэлээ хангахад нь дэмжлэг үзүүлэх зэргийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ