Цар тахалтай тэмцэхэд зориулан Монголд 37.5 сая евро олгоно
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеаг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Траян Христеа Монгол Улсыг Европын Холбооны санхүүгийн тогтолцоонд аюул занал учруулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалтад оруулсан явдал нь хоёр талын харилцаанд, тэр дундаа хөгжлийн хамтын ажиллагаанд нөлөөлөхгүй гэдгийг хэлжээ.
Түүнчлэн Европын Холбооноос Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд зориулан 37.5 сая еврог богино, дунд, урт хугацааны төслүүдээр дамжуулан олгохоор болжээ.
Гадаад харилцааны сайд Европын Холбооны тарифын хөнгөлөлттэй системийг бүрэн ашиглах хүрээнд Монгол Улсаас Европын Холбооны стандарт, шаардлагад нийцсэн бараа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах санал тавьсныг Элчин сайд судалж үзэхээ илэрхийлсэн байна.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Элчин сайд Ёорн Розенберг ХБНГУ-аас Монгол Улсад шинэ коронавируст цар тахалтай тэмцэхэд зориулан 1 сая евро олгож буйг хэлсэн байна.
Талууд хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Европын Холбооны тарифын хөнгөлөлттэй систем зэрэг Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх боломжийг бүрэн ашиглах хүрээнд Германы дэвшилтэт технологи бүхий хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцсон хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ