НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээн авч уулзав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариузаяа НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээж авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Тапан Мишра Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад шинэ албанд томилогдсонд баяр хүргээд НҮБ болон Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.


Тэрээр НҮБ дэлхий нийтэд дэгдсэн "COVID-19" цар тахлын үед Монгол Улсад нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгааг дурдаад коронавирусний нөхцөл байдлаас үүдэн Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх алхмаасаа ухарч болохгүйг онцгойлон анхаарах учиртай гэв.


Мөн НҮБ ирэх таван жилд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээг тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, залуучуудын хөгжил зэрэг олон асуудлыг хамруулахыг зорьж буйгаа танилцуулав.


Сайд А.Ариунзаяа Тапан Мишрад талархал илэрхийлээд “Өмнө нь би Засгийн газарт төлөвлөлтийг нотолгоонд суурилж хийхийг зөвлөдөг байсан бол одоо энэ бүхнээ ажил хэрэг болгох боломж олдсонд баяртай байгаа. Өнгөрсөн 7 хоногт болсон НҮБ-ын Өндөр төвшний улс төрийн чуулга уулзалтад оролцож, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын талаар мэдээлэл хийсэн.


Бид коронавирусний хүнд хэцүү үед ч Тогтвортой хөгжлийн зорилтын чиг шугамаас гажихгүй. Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах чиглэлийн бүхий л үйл ажиллагааг дэмжих болно” гээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд нийгмийн хамгааллаас гадна хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарал хандуулна гэдгээ илэрхийлэв.


“Ядуурлыг бууруулахад хөдөлмөр эрхлэлт чухал үүрэгтэй. Мөн жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад онцгой анхаарах хэрэгтэй байна. НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” төслийг хэрэгжүүлж, эхний хэсэг дууссан. Хоёр дахь хэсэг удахгүй эхлэх гэж байгаа. Мөн гэр бүл, хүн амын бүлгүүдийн асуудалд анхаарч ажиллана” гэдгээ ХНХ-ын сайд хэлээд, НҮБ болон Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын амжилттай хамтын ажиллагаанд талархаад хамтдаа илүү ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


Уулзалтын үеэр хоёр тал хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байр бий болгох боломж, мэргэжлийн боловсрол сургалтын салбарын үйл ажиллагаа, малчдын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх замаар нийгмийн хамгааллыг сайжруулах зэрэг олон асуудлаар санал солилцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ