Инфографик: Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ
ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “... Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, ...” гэж, Хорин тавдугаар зүйлийн 25.1.7 дахь заалтын “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна...” зарчимд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг нийцүүлэх болон “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэсэн болно.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн зорилт нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлох, хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, нэгдсэн, оновчтой тогтолцоог бүрдүүлэх, бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчдын түншлэлийг зохистойгоор хангах, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, хэлбэрийг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулж, хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд орших бөгөөд энэ хууль 7 бүлэг, 25 зүйлтэй бөгөөд дараах харилцааг шинээр болон шинэчлэн зохицуулсан.
Үүнд:
•Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, хугацааг нарийвчлан тогтоосноор хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахад хүндрэл учруулж байсныг арилгаж, олон улсын жишигт нийцүүлж урт хугацааны хөгжлийн бодлого нь зорилго, зорилт, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтээс бүрдэхээр, харин дунд болон богино хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь зорилго, зорилт, үйл ажиллагаа, хүрэх үр дүн, санхүүгийн эх үүсвэр, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээс бүрдэхээр ялгамжтай зохицуулсан болно;
•Монгол Улс 30 жилийн хугацаанд хэрэгжүүлэх урт хөгжлийн 1 бодлоготой байж түүнийг дунд хугацаа буюу 10 жилд хэрэгжүүлэхэд чиглэсэн салбар болон бүс, орон нутгийн зорилго, зорилт, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, үйл ажиллагааг багтаасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд байхаар зохицуулсан;
•Урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөлтийн баримт бичиг нь улсын хэмжээнд Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, түүнд нийцүүлсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө байхаар, орон нутагт Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, түүнд нийцүүлсэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө байхаар тус тус зохицуулсан;
•Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, баримт бичгийн хоорондын уялдааг хангаж, хэрэгжилтийг нэг мөр болгох зорилгоор Монгол Улсын Шадар сайдаар тэргүүлүүлсэн Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам байгуулж, түүний харьяанд Үндэсний хөгжлийн хүрээлэн ажиллахаар иж бүрэн тогтолцоо бүрдүүлсэн;
•Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд баримтлах 15 зарчмыг тодорхойлж, үйл ажиллагаанд оролцох 14 оролцогчийг нэрлэн зааж, тэдгээрийн чиг үүргийг хооронд уялдуулан нэг бүрчлэн зохицуулсан;
•Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор шинээр байгуулагдсан Засгийн газар, Улсын Их Хурал тухайн баримт бичгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, түүнчлэн зөвхөн тухайн баримт бичигт хийсэн аудитын болон гүйцэтгэлийн үнэлгээ, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээг үндэслэн Улсын Их Хурлаас чиглэл өгсний дагуу нэмэлт, өөрчлөлт оруулахаар зохицуулсан;
•Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах үе шатыг тусгайлан зааж, баримт бичиг боловсруулахад тавих шаардлага, урт, дунд хугацааны бодлогын баримт бичиг, богино хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн цаглаварыг төрөл тус бүрээр нь хуульчилсан болно;
•Бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төлөвлөлт, биелэлтэд чанарын үнэлгээ хийх, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, шийдвэр нь үр дүнтэй байсан эсэхэд чанарын үнэлгээ болон үр нөлөөг үнэлэх зорилгоор хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тусгасан.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилэн баталснаар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг нарийвчлалтай болж, Монгол Улс хөгжлийн нэг алсын хараатай, түүнийгээ хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөлттэй болж, урт хугацаандаа төлөвлөлтийн мэргэшсэн, чадварлаг хүний нөөц бүрдэж, төсвийн үр өгөөж нэмэгдэж, хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн суурь үзэл баримтлал, үндсэн концепци хангагдах болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ