Гадаад худалдааны эргэлт 5.2 тэрбум ам.долларт хүрчээ

 Гаалийн ерөнхий газраас мэдээлж буйгаар манай улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 5.2 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 22.6 хувиар буюу 1.5 тэрбум ам.доллароор буурсан дүн болсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Мөн экспортоос 2.8 тэрум ам.доллар төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.2 хувиар багассан үзүүлэлт аж. 



Экспорт буурахад чулуун нүүрсний борлуулалт 9.4 сая тонноор буюу 850.4 сая ам.доллароор багассан нь түлхүү нөлөөлжээ. Үүнээс гадна тайлант хугацаанд импортод 2.4 тэрбум орчим ам.доллар зарцуулсан нь 2019 оныхоос 1.1 тэрбумаар буюу 15 хувиар багассан дүн болов.



Энэ оны эхний хагас жилд манай улс дэлхийн 138 оронтой худалдаа хийснээс 59-д бүтээгдэхүүн нийлүүлж, 131 орноос бараа импортлов. Экспортоос олсон орлого, импортод зарцуулсан хөрөнгөөс 368 сая ам.доллароор давж гадаад худалдааны тэнцэл эерэг гарчээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ