Т.Доржханд: Намрын чуулганаар таван салбарт шинэчлэл хийнэ
УИХ-ын гишүүн Т.Доржханд УИХ-ын Анхдугаар чуулган өндөрлөж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Намрын чуулганаар манай эвслээс хэд хэдэн шаардлагыг тавьж ажиллана. Манай эвсэл нэг суудал авсан хэдий ч үүний ард салбар бүрийн мэргэжилтнүүд байгаа. Тиймээс намрын чуулганаар таван салбарт шинэчлэл хийх ажлыг эхлүүлж байна. Тэтгэвэр, санхүү, боловсрол, улс төрийн тогтолцоо, хот байгуулалтын шинэчлэлийг эхлүүлэх хууль, тогтоомжийн төслүүдийг өргөн барина" гэв.
Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл "Гадаадад гацаад байгаа Монголчуудын хувьд нөхцөл байдал маш хүнд болж байна. Сүүлийн саруудад нийтийн байраар хоноглож байгаа, орох оронгүй болсон гээд маш олон хүн байна. АНУ-аас ирэх нэг иргэн 7 орчим сая төгрөгийн зардал гаргах болоод байна. Гэтэл хилээ хэзээ нээх мэдээллээ ил тод болгомоор байна. Аль улсад хэдэн иргэн ямар нөхцөлд байгаа талаар ил тод мэдээлэх талаар цахим хуудас үүсгэх боломжтой гэдгийг нэг компани илэрхийлсэн байна лээ" гэлээ.
Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаа "Асуудалд орсон иргэддээ тусалж дэмжих нь Монгол төрийн үүрэг. Бид шинэ Засгийн газраас шийдэмгий, төлөвлөгөөтэй арга хэмжээ авах байх гэж найдаж хүлээж байна. Хүн бол гэнэт ачдаг мал биш. Тиймээс хэзээ хаанаас хэдэн иргэнээ авах төлөвлөгөөг ил тод мэдээлэх хэрэгтэй байна. Хэрэв авчирч чадахгүй бол тухайн газар нутагт нь тусламж үзүүлмээр байна. Бид ойлгож байна, дотооддоо алдах вий гэсэн айдас, тусгаарлах байр болон эмч, мэргэжилтнүүдийн хүрэлцээ гээд асуудал бий. Гэхдээ энэ бүхнийг бид тодорхой төлөвлөгөөтэй байж даван туулна. Тиймээс бид энэ тал дээр дэмжиж ажиллана" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ