Ё.Баатарбилэг: Гадаадад байгаа оюутнуудын асуудал хүндэрч байна

Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ танилцуулж дууслаа. Томилогдох сайд нараас гишүүд асуулт асууж байна. 


УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Ерөнхий сайдын кабинетийн бүрэлдэхүүнийг дэмжиж байна. Гадаадад байгаа оюутнуудын асуудал хүндэрч байна. Визийг нь цуцлах асуудал яригдаж эхэлсэн байна. Ганц АНУ биш олон улсад нөхцөл байдал хэцүүдэж байна. Шадар сайд, УОК, Гадаад харилцааны сайд нар энэ асуудалд анхаарал хандуулж, гудамжинд гарах гээд байгаа оюутнуудын асуудалд онцгойлон анхаараасай гэж хүсэж байна. Гадаадад байгаа монголчуудаа хамгаалах, улс юм бол улсын дайтай дуу хоолойгоо олон улсад хүргэх тал дээр анхаарал хандуулаасай гэж хүсэж байна.


Франц иргэний талаар мэдээлэл гарахад Элчин сайдын яам иргэнээ хамгаална гээд ирж байсан шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бид дуугарч, онцгой анхаараасай. Хууль зүйн сайдад нэр дэвшиж байгаа Х.Нямбаатар өөрөө ч ярилцлага өгсөн байна лээ. Ж.Эрдэнэбатыг хорих шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа, бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах ёстой гэсэн байна лээ. Энэ байр суурь хэвээрээ байгаа юу. 


УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Салбартаа тэргүүлж буй хүмүүсийг оруулж ирсэн гэж найдаж байна, харж байна. Хүнс хөдөө аж ахуйн сайдаар томилогдож байгаа хүнийг хөдөө өссөн, адуу малд ойр гэдгээр нь тавьсан байх. Гэхдээ мэргэшсэн салбарын хүн биш. Эдийн засагч хүн. Өссөн төрсөн нутагтаа ажиллаж амьдарч чадахгүй, нийслэл рүү шилжиж ирж байна. Энэ байдлыг засаж залруулах үүднээс энэ сайдыг тавьсан болов уу гэж бодож байна. 


УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Дархан Улаанбаатарын замыг хэдий хугацаанд хийж гүйцэтгэх талаар нарийн мэдээлэл өгнө үү. Өмнөх шигээ ард түмэн ойлгохгүй цаг хугацаа хэлэхгүй байхыг хүсье. Энэ замыг ашиглалтад ортол би шахаж, шаардах болно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ