Засгийн газрын бүтцийг эцсийн хэлэлцүүлгээр батлахыг дэмжив
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 19:30 цагт эхэлж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй гэж үзлээ.
Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжий төслүүдийг өнөөдөр Ерөнхий сайд танилцуулсан бөгөөд УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Анхны хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул шууд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхийг хуралдаанд оролцсон 17 гишүүний зуун хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах нь зүйтэй гэж тогтлоо.
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байнгын хорооны хуралдаанд танилцуулгадаа засгийн газрын шинэ бүтцийг боловсруулахдаа төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, түүхэн уламжлал, хөгжлийн чиг хандлагыг харгалзсан бөгөөд үндсэн дээр яамдын чиг үүргийн давхардлыг арилгаж, эрхлэх хүрээ, салбарыг оновчтой тогтоох, нөөцийг зөв хувиарлах, төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг чанартай, үр дүнтэй, шуурхай явуулах шаардлагыг үндэслэн Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамыг өөрчлөн байгуулахаар холбогдох хуулийн төсөлд тусгаж, бусад яамдыг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсэн гэдгийг тайлбарласан.
Засгийн газар нь 14 яамтай ажиллах бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ерөнхий чиг үүргийн яам байна.
Харин Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам нь чиглэлийн яам байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам болгон хуваах нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр соёлын болон шинжлэх ухаан, боловсролын салбарт төрөөс баримталж байгаа бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, соёлын үнэт зүйлийг бүтээх, хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх, боловсролын тогтолцоог хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл хөтөлбөрүүдийг оновчтой удирдан зохион байгуулах боломж нэмэгдэнэ.
Харин нийтийн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, түүгээр хичээллэх явдлыг дэмжих, иргэдийг амьдралын эрүүл, зөв хэвшилд сургах замаар хүн амыг эрүүлжүүлэх шаардлагыг харгалзан нийтийн биеийн тамир, спортын чиг үүргийг цаашид бодлого, зохицуулалтын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын харьяанд Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороо хариуцан ажиллах нь зүйтэй гэж үзсэн гэдгийг онцолсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ