Төр түшиж явсан эмэгтэйчүүдийн түүхээс



    1924 онд Үндсэн хуулиар эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш эрхтэй гэж заасан. Үүний дараа Намын төв хорооны дэргэд Эмэгтэйчүүдийн тасаг байгуулж даргаар нь их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламыг томилсон байдаг. 1970 онд Удвал дарга шийдвэр гаргах түвшинд анх удаа Намын  төв хорооны тогтоол гаргуулж байсан түүхтэй.
1990 оноос хойш хууль тогтоох дээд байгууллагад 19 эмэгтэй давхардсан тоогоор нийт 30 удаа сонгогдон ажиллажээ. Улсын Бага Хурлын анхны гишүүдийн тоонд хоёр эмэгтэй гишүүн сонгогдож байсан бол, 1996- 2000, 2000-2004 оны УИХ-д тус бүр найм буюу хамгийн олон эмэгтэй гишүүд төр барилцаж байв.
   Монгол Улсын Их хурлын гишүүнээр Т. Ганди, С.Оюун нар дөрвөн удаа, Д.Арвин гурван удаа, Д.Туяа, Д.Оюунхорол нар хоёр удаа сонгогдож байв. Мөн түүнчлэн С.Оюун, Д.Туяа нар УИХ-ын нөхөн сонгуулиар сонгогдож байжээ.С.Оюун УИХ-ын дэд даргаар, Д.Мөнхөө, Т.Ганди, Х.Хулан, Ч.Отгонбаяр, Р.Нарангэрэл, Б.Мөнхтыуяа, Д.Оюунхорол нар УИХ-ын Байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм.
    Тэд нийгмийн бодлого, гадаад бодлого, аюулгүй байдал, хууль зүйн байнгын хороодыг удирдаж байсан нь хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо асар их байсныг харуулж байна. Мөн Т.Ганди Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд,  С.Оюун Гадаад хэргийн сайд, Д.Туяа Эрүүл мэндийн сайд, Н.Болормаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Б.Долгор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв.
    Д.Арвин агсан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүд эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, гадаад бодлого, аюулгүй байдал, хууль эрх зүйн чиглэлээр манлайлах үүрэг гүйцэтгэж ирсэн юм.
1992 онд болсон УИХ-ын анхны сонгуулиар гурван эмэгтэй гишүүн хууль тогтоох байгууллагад орж ирж байж. Үүнээс хойш 1996 онд долоо, 2000 онд найм, 2004 онд тав, 2008 онд гурав, 2012 онд 11, 2016 онд 13 эмэгтэй гишүүн сонгогджээ. 13 эмэгтэй гишүүн, тэр дундаа Сонгуулийн тухай хуульд заасан 20 хувийн квотоор нэг намаас нэр дэвшсэн 16 эмэгтэйн 12 нь сонгогдсон нь түүхэн дээд амжилт.
   Тэгвэл 2020 оны  парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдоод байна. МАН-аас нэр дэвшсэн Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Ч.Ундрам,  Д.Өнөрболор, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, П.Анужин нар болон АН-аас С.Одонтуяа, А.Адьяасүрэн нар сонгогдлоо. Энэ нь парламентын гишүүдийн 17%-ийг эмэгтэй гишүүд эзлэж байгаа гэсэн үг юм.
   УИХ-ын дэд даргаар С.Одонтуяа сонгогдсон нь УИХ-ын түүхэнд 2 дахь буюу С.Оюуны дараа сонгогдож буй хоёр дахь эмэгтэй дэд дарга юм.
Харин сонгогдсон эмэгтэйчүүд нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хүрээнд хариуцсан ажлаа хэр үр дүнтэй, сайн гүйцэтгэж, манлайлж ажиллахаас эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо цаашид нэмэгдэх эсэх нь шууд хамаарах билээ. Бэхжиж, тогтож амжаагүй, зөв зүг рүүгээ чадан ядан тэмүүлж яваа нийгмийн хандлагыг хааш нь эргүүлэхээ эмэгтэй гишүүд өөрсдөө шийднэ гэсэн үг.
   Өмнөх парламентад суусан бүгсгүйчүүдээс ЖДҮ-чид төрсөн бол, ёс зүй, суртхууны хувьд элдэв аяг маяг гаргасан бүсгүйчүүд ч олон.
Энэ удаа сонгогдсон бүсгүйчүүд мэргэжлийн хувьд 4 сэтгүүлч хүүхэн байгаа нь олон нийт, сонгогчид олны танил болсон нэр дэвшигчдийг илүүтэй сонгогддогийг харуулж буй юм.
Өмнөх парламентийн түүхээс харахад мэдлэг боловсролын хувьд өндөр түвшний голдуу эрдэмтэн, судлаачид, онолын түвшний ажил эрхлэж байсан эмэгтэйчүүд байсан бол сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгч, өнгөлөг мөнгөлөг, олны танил, сэтгүүлч, хөтлөгч бүсгүйчүүд сонгогдож байгааг харахад нийгмийн хандлагыг харуулж буй юм.
Юутай ч энэ парламентийн 13 хүүхний төр түшилцэх тэнхээг харах л үлдлээ бидэнд.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ