С.Одонтуяа: Эмэгтэй гишүүд олон асуудлыг хамтарч шийдэх хэрэгтэй байна

Намын бүлгүүд УИХ-ын дэд дарга нарыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж байна.  


УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Монголын улс төрд мөнгө дутаагүй, ганц сэтгэл л дутаж байгаа. 2012-2016 оны парламентад хууль батлуулахад тун хэцүү байсан. Их олон нам, бүлэгтэй байсан хэдий ч эмэгтэй гишүүд нам харгалзахгүй хамтран ажиллаж 30 гаруй хуулийг батлуулсан. Тухайн үед Гэр бүлийн тухай хуулийг батлуулж амжаагүй. 2016-2020 оны парламентын эмэгтэй гишүүд олуулаа, нэг намынх байсан ч хангалттай ажиллаж чадаагүй. Харин одоо нам харгалзахгүй хамтран ажиллаж, олон чухал асуудлыг шийдэх хэрэгтэй байна. 


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: С.Одонтуяа гишүүнийг ингэж улс төржиж байгаад харамсаж байна. Хууль батлуулахдаа төсөв тавиагүй байсан. Сэтгэл биш мөнгө дутсан байна лээ. Таныг ингэж хариулж байгаад харамсаж байна. Мөнгө төгрөгийг нь тусгаад механизмыг нь бүрдүүлэх хэрэгтэй. Хууль батлахдаа цогцоор нь хандах хэрэгтэй.


УИХ-ын гишүүн Ч.Ундрам: УИХ-ын дэд даргын хариуцах чиг үүрэгт ирц бүрдүүлэх асуудал багтдаг. Би 13-р тойрог Сэлэнгэ аймгаас сонгогдсон. Манай тойргоос сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүн өчигдөр тангарагаа өргөж чадсангүй. Шүүх хууль зөрчиж хорьсон гэдгийг маш олон хуульчид хэлж байна. Маргааш шүүх хурал болно. УИХ-ын дэд даргаар сонгогдвол энэ асуудалд ямар арга хэмжээ авч, УИХ-ын гишүүдийг төлөөлж, ямар байр суурь илэрхийлэх вэ?


УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Жаргалтулгын Эрдэнэбатын асуудлаар би байр суурь илэрхийлэх нь зохимжгүй байна. Т.Аюурсайхан дарга хариулах нь зүйтэй байх. Гэхдээ энэ удаагийн сонгуулиар хууль зөрчиж олон хүнийг хорьсон. Сонгуулийн санал хураалтад нөлөөлсөн гэж нам, эвсэл, бие даагчид ярьж байгаа учраас энэ асуудлыг эцэслэх ёстой. Хэрэв сонгуулийн тогтолцоонд алдаа байвал орон нутгийн сонгуулиас өмнө хуулиа өөрчлөх ёстой. 


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хэрэв УИХ-ын дэд даргаар сонгогдвол энэ асуудлаар ажиллана. Хууль шүүхийн асуудалд бид нөлөөлөх боломжгүй ч парламентын дархлаа байх ёстой. Хэн нэгэн гишүүний асуудал гэхээс илүү бид бүгдийн асуудал гэж хандах ёстой. Гишүүний бүрэн эрх гэж ярьдаг ч сонгосон сонгогчийн халдашгүй байдалд халдаж байна гэсэн үг. Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллана гэж хариулах байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ