Д.Амарбаясгалан: Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжлээ
МАН-ын Бага хурлын VII хуралдаан өнөө өглөө Тусгаар тогтнолын ордонд болсон. Бага хуралд танхимаас 189 гишүүн, хөдөө орон нутгаас буюу цахимаар 97 гишүүн оролцож байна. Нийт 87.5 хувийн ирцтэй байгаа юм.
Бага хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын Бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа. Монголын ард иргэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаар нь сонгосон. Энэ хүндтэй сонголтыг өнөөдөр МАН-ын Бага хурлын гишүүд баталгаажуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоолыг хэлэлцэн баталлаа.
Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжлээ. Ирэх дөрвөн жилд маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Дөрвөн жилийн хугацаанд бид 2.9 тэрбум ам.долларын өрийг төлөх том үүрэг хариуцлага ирж байна. МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн эрх барьж байсан учраас дараагийн дөрвөн жил илүү тогтвор суурьшилтай төрийн албаны тогтвортой бодлогыг хангаж ажиллана. МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлэх хэрэгцээ шаардлага бий. Улс төрийн нам ард түмний дунд шударга ажиллах болохын тулд бид энэ ажлыг эхлүүлсэн. Энэ ажил дуусах болоогүй байна. Тийм учраас бий МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар үргэлжлүүлэн ажиллана" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ