Монгол Улсын байнга төвийг сахих тухай тогтоолыг хүчингүй болгожээ

Монгол Улс 2015 оноос байнга төвийг сахих тухай статустай байсан бол энэ оны тавдугаар сард Засгийн газрын тогтоолоор хүчингүй болгож, төвийг сахих тухай статусыг сурталчлахгүй байхыг даалгасан байна.


2020 оны тавдугаар сарын 6-ны өдөр баталсан тогтоол: 


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 162
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 05/04 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Зөвлөмж дэмжих тухай” Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 375 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


2. Монгол Улс байнга төвийг сахих талаарх бодлогыг сурталчлахгүй байх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                          У.ХҮРЭЛСҮХ

Гадаад харилцааны сайд                                               Д.ЦОГТБААТАР


Харин 2015 оны есдүгээр сарын 14-ний өдөр баталж, 2020 оны тавдугаар сарын 6-ны өдөр ХҮЧИНГҮЙ болгосон ЗӨВЛӨМЖ ДЭМЖИХ ТУХАЙ тогтоолд:


"1. Монгол Улс байнга төвийг сахих бодлогыг хууль тогтоомж, төрийн бодлогын баримт бичигт тусгах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгасугай.


2. Монгол Улс байнга төвийг сахих талаар холбогдох хууль тогтоомжийн дагуу олон улсын сонорт хүргэх, Монгол Улсын байнга төвийг сахих статусыг дэмжсэн НҮБ-ын шийдвэр гаргуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                 Ч.САЙХАНБИЛЭГ

Гадаад хэргийн сайд                                                              Л.ПҮРЭВСҮРЭН

Хууль зүйн сайд                                                                      Д.ДОРЛИГЖАВ " гэсэн байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ