Х.Баттулга: СЕХ-ны удирдлагууд даруй огцрох ёстой
УИХ-ын 2020 оны сонгуулиар байгуулагдсан найм дахь парламентын анхдугаар чуулган эхэллээ.
Төрийн тэргүүн Анхдугаар чуулганыг нээн үг хэлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар иргэдийн итгэлийг авч, сонгогдсонд баяр хүргэе. Улс орны маань өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл бий. Иймд та бүхэн шуурхай ажиллан, зөвхөн зөв шийдвэр гаргах хариуцлагатай үед та бүхэн УИХ-ын гишүүн боллоо. Та бүхэн олны итгэлийг дааж, иргэдийн боломжийг хулгайлалгүй, урдуур нь орж, өөртөө ашиглах бус тэдэнд илүү их боломж олгож ажиллаарай. Улсын сангийн мөнгийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон зөрчлийг өмнөх УИХ-ын гишүүд удаа дараа гаргасан.
Тэд дээд байгууллагын нэр хүндийг унагаасан. Үйлдэл дээрээ баригдсан үед л УИХ-ын гишүүнийг баривчлах тухай хуулийн заалт бий. Үүнийг өөрчлөх цаг болсон. Үйлдэл дээр нь гэмтнийг баривчлах угаасаа боломжгүй юм. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотнынхондоо давуу тал үүсгэсэн бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тендер авсан нь тогтоогдсон УИХ-ын маш олон гишүүн бий.
Дунджаар нэг гишүүнд 5.3 тусгай зөвшөөрөл ногдож байгаа нь аж ахуйн нэгжүүдэд ногдож байгаагаас хамаагүй илүү байна. Та бүхэн ард түмэнд л үйлчлэх ёстой шүү. Тэдний итгэлээр далимдуулан өөрсдийн хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх учиргүй. УИХ-ын олон гишүүнийг хуулийн байгууллагууд шалгаж байна.
СЕХ-ны удирдлагууд даруй огцрох ёстой. Мөн МҮОНРТ-ийн удирдлагууд иргэдийн эн тэнцүү мэдээ мэдээллээр хангаж чадсангүй. Сонгуулийн системийг халах цаг болсон. МАН нийт сонгогчийн ердөө 40 хувийн саналыг авсан атлаа УИХ-д үнэмлэхүй олонхи боллоо. Мөн АН хүчтэй сөрөг хүчин байж чадсангүй. АН цаашид намаа шинэчлэх цаг болжээ" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ